Categories
гадаад мэдээ нийгэм

Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Хятадын засгийн газар жолоочгүй такси үйлчилгээнд явуулах зөвшөөрлийг тус улсын технологийн аварга компани Байдуд олгожээ.

Байду болон Pony.ai стартап компаниудын хамтран хөгжүүлсэн “роботакси” Бээжин хотын өмнөд дүүрэг Ижуанд явж эхэлсэн байна.

Таксийг хиймэл оюуны систем жолооддог хэдий ч жолооны ард компанийн ажилтан байнга сууж, болзошгүй ослоос сэргийлэх ажээ.

Нэг таксинд хоёроос илүү зорчигч суухгүй бөгөөд чиглэлээ сонгох, төлбөр төлөх зэрэг бүх ажиллагаа нь автоматчилагдсан юм байна.

Аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс жолооны ард хүн суулгүй, зөвхөн автомат жолоодлоготой болоход дахиад хэдэн жилийн туршилт, сайжруулалт хэрэгтэй гэнэ.

Pony.ai компанийн үүсгэн байгуулагчдын нэг Пэн Жүний хэлснээр жолоочгүй автомашины салбарыг хөгжүүлэх гол хүчин зүйлс нь “бодлого, технологи, олон нийтийн хандлага” ажээ.

Тус компанид Японы авто үйлдвэрлэгч Тоёота хөрөнгө оруулсан юм. Pony.ai өнгөрсөн хугацаанд 500,000 гаруй удаагийн зорчигч тээвэрлэх аяллыг туршжээ.

Зорчигчид таксийг захиалахдаа “Luobo kuaipao” нэртэй гар утасны аппликэйшнийг ашиглаж, 600 зогсоолын аль өөрт ойр байгаагаас таксинд суух юм байна. Нийт 67 такси 5.9 км тутамд хоёр юань орчим төлбөртэй үйлчилж эхэлжээ.

Байдугаас гадна Алибабагийн хөрөнгө оруулалттай AutoX, онлайн такси дуудлагын DiDi Chuxing компаниуд бас робот таксины эхний шатны туршилтаа Хятадын хотуудад хэрэгжүүлж байгаа юм.

Эх сурвалж: AFP

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *