Олон улсын олимпийн хороо “Бээжин-2008” олимпод оролцсон 12 орны 31 тамирчны шинжилгээнээс допинг илэрснийг зарлалаа. ОУОХ Бээжингийн олимпийн наадмын үеэр авсан допингийн шижилгээний дээжээс 454-ийг сонгон, Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Олон улсын спорт холбоодтой хамтран шинжилгээ хийжээ. Энэ асуудлаар хуралдсан ОУОХ-ны Хорооны гүйцэтгэх хорооны хурал дээр тус байгууллагын ерөнхийлөгч Томас Бах “Энэ бүхнийг бид шударга бусаар өрсөлддөг тамирчдын эсрэг авч байна. Бид ийм аргаар амжилтад хүрэхийг зөвшөөрөхгүй. Тэдэнд медаль өгөхгүй. Удахгүй СОЧИ-2014 олимпийн наадмын шинжилгээг давтаж хийнэ. Үнэнч шударгаар өрсөлдөж байгаа тамирчдын төлөө, тэднийг хамгаалахын тулд бид чадах бүхнээ хийнэ. Допинг хэрэглэснээ хэн ч нуух боломжгүй. Учир нь тамирчдын сорьцыг арван жил хадгалдаг” хэмээн мэдэгджээ.
ОУОХ Бээжингийн олимпод оролцсон, зодог тайлаагүй байгаа, “Рио-2016”-д оролцох эрх авсан 454 тамирчны Бээжингийн олимпод оролцохдоо өгсөн сорьцыг дахин шинжилж, тухайн үед баригдаагүй өнгөрсөн 31 тамирчинг илчилсэн байна. Гэхдээ тэдгээр 31 тамирчны нэрийг тодорхой зарлаагүй байгаа бөгөөд шинжилгээний хариуг дахин нягталсны дараа нийтэд мэдээлэх аж. Хэрвээ дахин шалгалтад 2008, 2012 оны олимпоос медаль авсан тамирчин бүдэрвэл амжилтыг цуцалж, медалийг нь удаах байрт шалгарсан тамирчинд олгох гэнэ. Мөн ОУОХ “Лондон-2012” олимпод оролцсон 250 тамирчнаас сэргээшийн давтан шинжилгээ авсан бөгөөд хариуг нь удахгүй зарлах аж.