Өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд Улаанбаатарын цагаар 13 цагт энэ зууны технологийн гайхамшиг “Кассини” гараг хоорондын автомат станц Санчир гарагийн агаар мандалд орж хэрхэн шатаж устахыг NASA дэлхий даяар шууд дамжуулан харууллаа. “Кассини” сүүлчийн мөч хүртлээ дэлхийд мэдээлэл дамжуулсаар байсан бөгөөд NASA энэхүү үйл явдлыг “Аугаа төгсгөл” хэмээн нэрлэсэн юм. Үнэхээр ингэж нэрлэхээс ч өөр аргагүй. Өндөр нь 6.7 м өргөн 4 м, 320 кг сансрын зондыг оруулаад 5710 кг жинтэй, 336 кг шинжлэх ухааны багаж, 3130 кг түлш бүхий 3.2 тэрбум ам. долларын өртгөөр бүтсэн энэхүү гараг хоорондын автомат станц технологийн гайхамшиг гэж юу байдгийг хүн төрөлхтөнд батлан харуулсан. “Кассини” Сугар, Бархасбадь,Санчир гэсэн гурван гарагийн таталцах хүчийг ашиглан секундэд 19 км буюу 69 мянган км/цагийн хурдтайгаар гараг хоорондын замаа туулсан билээ. Үнэндээ энэхүү гайхамшиг нь 20 жилийн өмнөх технологи гэхээр өнөөдөр сансар судлалын технологи ямар төвшинд очоод байгаа нь хэнд ч гэсэн ойлгогдоно.
Итали-Францын нэрт одон оронч, Санчирын Титан дагуулыг анх нээсэн Жованни Кассинигийн дурсгалд зориулан түүний нэрээр нэрлэгдсэн энэ автомат станц 1997 оны аравдугаар сарын 15-нд дэлхийгээс Санчир хүрэх замаа эхэлсэн. Түүний зорилго нь Санчир гараг, түүний бүслүүр, Санчирын дагуулуудыг судлан Санчирын дагуул Титан дээр зонд буулгах явдал байсан бөгөөд тэрээр энэ үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. ”Кассини” Санчир хүрэх замдаа 1998-1999 онд хоёр удаа Сугар гарагийн, 2000 онд Бархасбадь гарагийн фото зураг болон судалгааны материал явуулснаар хүн төрөлхтөн эдгээр гарагтай “биечлэн танилцах” боломжтой болсон. Мөн Бархасбадийн дагуул “Ио”-гийн зургийг авсанаас гадна энэ дагуул ихэнх нь хүхрийн хүчлээс бүрдэх маш нимгэн агаар мандалтай гэдгийг дэлхийд илгээсэн нь “Ио” яагаад шар өнгөтэй харагддагийн учрыг тайлсан явдал болсон. Тэрээр 2004 оны зургадугаар сарын 30-нд Санчир гарагт хүрч энэ гарагийн 15 км/сек хурдтай анхны хиймэл дагуул болсон. Харин 2005 оны нэгдүгээр сарын 15-нд Санчирын дагуул Титан дээр 320 кг жинтэй сансрын “Гюйгенс” зондыг амжилттай газардуулсан юм. 2012 онд Санчирын дагуул Титаны мөсөн давхарга дор 100 км гүнд 3 далай, олон зуун нуур байгааг илрүүлсэн.
2017 онд Санчирын бас нэг дагуул Энцеладын өмнөд туйлаас гарч буй хийн дээж авч шинжлэн энэ дагуул дээр эгэл амьд биет байж болзошгүй гэдгийг тодорхойлсон. Судалгааны явцад бидэнд мэдэгдэхгүй байсан Санчирын нийт 7 том дагуулыг шинээр нээсэн. “Кассини” Санчирын хиймэл дагуул болсон 13 жилийн хугацаанд түүнийг 294 удаа тойрч, дагуулуудад нь 162 удаа ойртож дэлхийд 450 мянган зураг, 635 гигабайт мэдээлэл дамжуулсан. Түүний мэдээлэл дээр үндэслэн 3948 эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгджээ. “Кассини” энэ хугацаанд нийт 7.9 тэрбум км зам туулж, дэлхийгээс 2.5 сая тушаал хүлээн авч бүрэн биелүүлсэн юм.
“Кассини” дотор целсийн 25 градус дулаантай байсан нь дэлхийн микроб хадгалагдан очих бүрэн боломж гэсэн үг. Иймээс эрдэмтэд сансар эрхэсийг дэлхийн микробоор бохирдуулахгүйн тулд технологийн гайхамшиг “Кассини”-д Санчир хэмээх хийн гарагийн агаар мандалд орж өөрийгөө шатаах сүүлчийн тушаал өгсөн юм. Баярлалаа бас баяртай “Кассини”.
“Кассини” 2000 оны аравдугаар сарын 30-нд дэлхийгээс 11 дахин том буюу 142 984 км диаметртэй Бархасбадь гарагт очин олон арван фото зураг болон судалгаа, шинжилгээний материал дэлхийд илгээжээ.
“Кассини”-гийн гол зорилгын нэгийг зөгнөсөн 1997 оны зураг. Үнэхээр энэ зөгнөл найман жилийн дараа биелж, Голландын нэрт одон оронч Христиан Гюйгенсийн нэрээр нэрлэгдсэн Европын сансар судлалын агентлагийн 320 кг жинтэй, “Гюйгенс” зондыг 2005 оны арванхоёрдугаар сарын 25-нд Санчирын Титан дагуул дээр “Кассини” зөөлөн газардуулсан билээ. Тэр үед энэ зураач бодит байдалтай ямар адилхан зурсныг эрдэмтэд гайхан биширч байсан юм. Энэхүү үйл явдал сансарт дэлхийгээс хол газардсан анхны тохиолдол хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.
Г.АМАРСАНАА