Categories
мэдээ нийгэм

Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхааруулж байна

Байгууллага, аж ахуй нэгжүүд шинэ жилээ тэмдэглэхдээ алба хаагч, ажилчдынхаа аюулгүй байдалд анхаарах, иргэдийг зам тээврийн ослоос сэрэмжлэхийг ЗЦГ-аас сануулж байна.

Шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол цөөнгүй. Өнгөрсөн 2015 оны 12 дугаар сард улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2883 бүртгэгдсэнээс нийслэлд 1878 байна. Улсын хэмжээнд 2 хүний амь нас хохирсон тоо бий.

Иймд Замын цагдаагийн албанаас хүлээн авалт хийх, баяр ёслол тэмдэглэхдээ өөрийн болон бусдыг аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцож тэмдэглэхийг уриалж дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

– Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 105 жилийн ой, шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ байгууллага, аж ахуй нэгжүүд баярын арга хэмжээнд оролцож байгаа алба хаагч, ажилчидын аюулгүй байдлыг хангаж аливаа гэмт хэрэг болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн унаагаар үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах.

– Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүргэх зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулах.

– Байгууллага, аж ахуй нэгжийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд харагдахуйц газарт байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баярын үйл ажиллагааг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *