Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны өргөтгөсөн хуралдаан Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд боллоо. Уг хуралдаанаар наадмыг зохион байгуулах төлөвлөгөө, бэлтгэл ажлын талаар салбар хороодын дарга нарын мэдээллийг сонсч, зохион байгуулалтын ажилтай холбоотой асуудлаар санал солилцлоо.
Хүй 7 худагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц болон Их эзэн Чингис хааны талбайд 7 дугаар сарын 11-ны орой “Улаанбаатарын үдэш” 3D шоу зохион байгуулах талаар мэдээлэл сонсч, Баяр наадмын зохион байгуулах хороонд иргэд, олон нийтээс ирсэн албан бичгүүдтэй танилцлаа. Салбар хороодод шаардлагатай бол бүрэлдэхүүнээ шинэчлэх, наадам зохион байгуулах төсвөө гаргаж, бэлтгэл ажлыг ханган ажиллахыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болголоо.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо нь:
•Үндэсний бөхийн салбар хороо
•Хурдан морины салбар хороо
•Үндэсний сурын салбар хороо
•Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо
•Төрийн ёслол, үйлчилгээний салбар хороо
•Хэв журмын салбар хороо
•Урлаг, соёлын салбар хороо
•Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороо
•Шагайн холбооны зэрэг салбар хороодоос бүрддэг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.