Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу улсын хэмжээнд нэг сая мод ургуулах аянд Баянзүрхчүүд нэгдэн 8997 мод, 3908 бут сөөгийг тарьжээ.
Тодруулбал, энэ сарын 9-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид ,Тамгын газар болон харьяа газар, хэлтэс, тасаг, албадын алба хаагчид Баянзүрх хайрханд 800 ширхэг шинэс буюу шилмүүст мод, 400 ширхэг агч буюу гоёлын мод тарьсан байна.
Мөн дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад мод тарих ажилд идэвхитэй оролцсон байна. Тухайлбал, Дүүргийн хөгжлийн төвийн ажилтан, албан хаагчид 28 дугаар хорооны 1-р хэсэгт “Хужир булан хөгжил” Газар өмчлөгчдийн холбооны байгуулсан хүүхдийн тоглоомын талбайн 20 м кв талбайд бор голт, монос, хайлаас зэрэг 20 мод тарьж хайсжуулжээ.
Харин дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 их дээд сургуулийн багш сурагчид нийт 1590 мод тарьсан бол Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг ясли, эрүүл мэндийн нэгдэл, Сууц өмчлөгчдийн холбоод1745 мод, 2105 бут сөөг, Сууц өмчлөгчдийн холбоод орон сууцны хороололд 1071 мод, 1398 бут сөөгийг тарьжээ.
Дашрамд мэдээлэхэд, төрийн болон хувийн хэвшлийн 190 аж ахуйн нэгж байгууллагын 3927 хүн бүх нийтийн мод тарих ажилд гар бие оролцсон байна.