XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Модон хонь жилийн Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын А/34 захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн зам талбай, цас мөс зэрэг нийт 88120 метр квадрат талбайн 156,6 тонн хог хаягдлыг цэвэрлэв.
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, томоохон зах, худалдааны төвүүд, Сууц өмчлөгчдийн холбоод, Орон сууц, нийтийн аж ахуйн компаниуд, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг 1048 байгууллагын 6000 гаруй иргэн их цэвэрлэгээний ажилд оролцлоо гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.