Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төвөөс “Баянзүрх түншлэл-2015” анхдугаар бизнес форумыг өчигдөр зохион байгууллаа.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа форумыг нээж хэлсэн үгэндээ “1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар анх Найрамдлын районыг бүсчлэн баталж, өнөөдрийн Баянзүрх дүүргийн хөгжлийн эхлэлийг тавьсан түүхтэй. 50 жилийн түүхийн тэн хагас нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, социалист нийгмийн бүтээн байгуулалтын он жилүүд байсан. Түүхт 50 жилийн тал хувь нь зах зээлийн эдийн засагтай Ардчилсан нийгэм байлаа. Хот доторх хот болон хөгжиж буй Баянзүрх дүүргийг манай баг удирдан чиглүүлж, бизнес эрхлэгчид, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны менежер болон ажиллаж байгаадаа туйлын их талархаж явдаг юм. Дүүргийн нутаг дэвсгэрт нийт 23.321 аж ахуйн нэгж, 2.238 төрийн бус байгууллага, 23төрийн өмчит үйлдвэрийн газар, 12 орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 67 шашны байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.Улс эх орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн нэгэн чухал хүчин зүйл бол бизнес эрхлэгчид, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа билээ. Бизнес эрхлэгчид, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа тогтвортой байж, харилцан хүлээх үүрэг нь тодорхой, итгэлтэй байх нь тухайн нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс гэдэгт бид итгэдэг. Өнөөдрийн Та бидний оролцох форум нь харилцан яриа ойлголцол дээр суурилсан бизнес эрхлэгчид, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийг хүлээж буй Баянзүрх дүүрэгт итгэж болох итгэлийг нэмэгдүүлсэн сайхан арга хэмжээ болохыг хүсч, хэлэлцсэн асуудлууд, гарсан санал зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна…” хэмээсэн.
Энэхүү форумд эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Монголын ТХХТ-г дэмжих төвийн гүйцэтгэх захирал С.Бэхбат, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, БНСУ-ын Инчон хотын Донггу дүүргийн Засаг даргын орлогч Пок Жин Пюу, Унгар улсын худалдааны төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Ризак Шандор, “Евро-хан” компанийн төслийн менежер Кожи Сузуки нар форумд хүрэлцэн ирсэн 300 гаруй зочдод илтгэл тавьсан юм.
“Баянзүрх түншлэл-2015” бизнес форумд “Монгол улсын макро эдийн засаг, тогтвортой бодлого”, “Төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын орчин”, “Төр хувийн хэвшлийн хэлэлцэл”, “БНСУ-ын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн туршлага” зэрэг сэдвийн хүрээнд тавигдсан илтгэлүүдийн дараа нээлттэй хэлэлцүүлгийг хийсэн.
Уг форумын гол зорилго нь төр хувийн хэвшлийн хэлцэлийг хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар бизнесийн орчинг сайжруулахад хувь нэмэр оруулах, хувийн хэвшлийг бодлого шийдвэр боловсруулах үйл явцад оролуулах механизмыг дүүргийн түвшинд бүрдүүлэхэд оршлоогэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.