НЗДТГ-ын явуулын байранд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, АШУҮИС-ийн эмнэлгийн дарга Х.Алтайсайхан нартай хийсэн уулзалтын үеэр тус дүүргийн 8, 10, 12, 20, 23, 28 дугаар хорооны 71,000 гаруй иргэнд нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг /дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, хавдар, шүд, нүд, чих, хамар хоолой зэрэг чиглэлээр/ үзүүлэхээр зөвшилцсөн байна.
АШУҮИС-ийн эмнэлэг нь Япон улсад үйлдвэрлэсэн орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон төдийгүй тус улсад мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд ажилладаг бөгөөд нутаг дэвсгэрийн хувьд ойролцоо байршилд орших Баянзүрх дүүргийн эдгээр зургаан хорооны иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг стандартын дагуу үзүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд амбулаторийн тусламж, үйлчилгээг ирэх наймдугаар сарын 1-нээс, хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагааг аравдугаар сарын 1-нээс, яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн шат дарааллын дагуу үзүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна төрөлжсөн нарийн мэргэжлийн, тэр дундаа сэргээн засах болон уламжлалт, зүрх судасны өвчин, спортын гэмтлийн чиглэлээрх тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэхээр шийдвэрлэжээ.