Сүүлийн өдрүүдэд орж буй үргэлжилсэн аадар борооны улмаас дүүргийн хэмжээнд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс дахин хуралдлаа.
Тус хуралдааны үеэр дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах үерийн бүсэд байгаа айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх, үерт автсан бүсэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийхэд бэлтгэх мөн ус соруулах төхөөрөмж болох мотопомпыг дүүргийн Онцгой байдлын хэлтэст авч өгөх зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох албаны хүмүүст албан даалгавар өгсөн юм.
Түүнчлэн Цагдаагийн I,II,III хэлтэс болон мэргэжлийн ангиудад бэлэн байдалд ажиллахыг анхаарууллаа.
Онцгой комиссын даргын албан даалгаврын дагуу дүүргийн Удирдлагын зөвлөл хуралдаж үерийн усыг зайлуулах, далан сувгийг сэргээн засварлахад шаардлагатай мотопомпын хөрөнгийг шийдвэрлэж дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгөхөөр боллоо.