Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль болж байна. Санал хураалт өнөө өглөө 07.00 цагт эхэлсэн бөгөөд 22.00 цаг хүртэл явагдах аж.
Сонгуульд дөрвөн намын найман нэр дэвшигч, дөрвөн бие даагч өрсөлдөж байна. Санал хураалтыг зохион байгуулах ажлыг Нийслэлийн сонгуулийн хорооноос зохион байгуулж байна.
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг буюу 142 дугаар сонгуулийн санал авах байранд иргэд идэвхтэй саналаа өгч байна. Хаалганаасаа шат хүртэл иргэд дугаарласан ч залуусын оролцоо муу байна гэв. Тус дүүргийн хувьд хоёр жил гаруйн хугацаанд ИТХ-ын төлөөлөгч нь сонгогдоогүй билээ.
Энэ өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамжийг дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргажээ. Мөн нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна.