Өнөөдөр Баянмонгол хорооллын оршин суугчид дээд шүүхийн хууль бус шийдвэрийг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооллын оршин суугчид “Баян Монгол” сууц өмчлөгчдийн холбоог хууль бусаар байгуулж батламжилсан хэмээн Баянзүрх дүүргийн тамгийн газрыг шүүхэд өгөөд байсан юм.
Улмаар шүүхийн шийдвэр оршин суугчдын эсрэг гараад байгаа ба тэд давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ хэлсэн юм. Тус хороололд 1830 өрх амьдардаг бөгөөд сард “Баян Монгол” СӨХ-нд нэг айл 160 мянган төгрөг төлдөг байна. Гэвч СӨХ орон сууцанд гарсан эвдрэл, гэмтлийг засдаггүй, өрхүүдээс авсан мөнгөө ямар үйл ажиллагаанд зарцуулдаг нь тодорхойгүй.
Мөн хулгай дээрмийн хэрэг гарах нь нэмэгдэж байгаа ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаад иргэд эсэргүүцэж байгааг “Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр хороо”-ны дарга Б.Болдбаатар хэллээ. Өмнө нь оршин суугчдын түр хорооны гишүүн Я.Алтанхундага “Баянмонгол” СӨХ-г хууль бусаар байгуулж, иргэдээс их хэмжээний төлбөр авдаг талаар манай сайтад ярилцлага өгч байсан билээ.