Categories
мэдээ цаг-үе

“Баянмонгол” чуулгын Төрийн шагналт удирдаач С.Саруул-Од: Цугтаа авах ёстой, гавьяа байгуулсан олон хүнээс хүлцэл өчиж байна


Оны өмнөхөн уран бүтээлээрээ хагас зуун жилийн турш монголчуудыг соён гэгээрүүлж ирсэн түүхт “Баянмонгол” чуулгын найман уран бүтээлчийг төлөөлөл болгож Төрийн шагнал хүртээсэн билээ. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын багц уран бүтээлүүдэд энэ шагналыг олгохоор шийдвэрлэсэн. 1969 оны долдугаар сарын 10-ны өдөр анхныхаа тоглолтыг хийснээс хойш Монгол Улсад орчин үеийн дуу, хөгжмийн урсгалуудыг хөгжүүлэх үндсийг тавьж, түгээн дэлгэрүүлж, “Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Хангайн магтуу”, “Аяны шувууд”, “Навчин дээрх шүүдэр”, “Зам дээр гээгдсэн цэцэг”, “Дөрвөн улирал, хоёр амраг”, “Сэтгэлийн жигүүр”, “Орь залуу нас” гээд ард түмний таашаалд хүрч, сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван бүтээлүүд хийсээр, 50 жил урлагт зүтгэж яваа билээ. Энэ чуулга нь орчин үеийн дуулах урлаг, хөгжмийн урлагийг салбарлуулан, олон арван шилдэг уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан авьяасын уурхай, эзэд юм. Тус чуулгаас 1981 онд гаргасан “Баянмонгол” пянз, 2019 онд гаргасан “Баянмонгол-50 жил” пянзнуудад багтсан дуу, хөгжмийн бүтээлүүд, Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын үе үеийн уран бүтээлчдийн туурвил, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тус чуулгын төлөөлөл болох хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучдад энэ шагналыг олгож байна” хэмээсэн юм. “Баянмонгол” чуулгын удирдаач, Төрийн шагналт С.Саруул-Одтой ярилцлаа.

-Төрийн шагналаар энгэрээ мялаасанд нийт уншигчийнхаа өмнөөс баяр хүргэе?

-Баярлалаа. Танай сонины уншигчдад шинэ оны мэнд хүргэе. Шинэ оны босгон дээр “Баянмонгол” чуулгад төрийн өндөр дээд шагнал хүртээлээ. Энэ бол манай чуулгын хагас 100 жилийн уран бүтээлийг төр засгаас үнэлсэн том хайр хишиг гэж ойлгож байна.

-“Баянмонгол” чуулгад үе үеийн олон уран бүтээлч ажиллаж байсан. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ ч энэ олон уран бүтээлчийн төлөөлөл болгож та бүхнийг шагнаж байгаагаа хэлсэн?

-Манай чуулга 1969 онд байгуулагдсан. Есөн залуу хөгжимчин анх байгуулж байжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддорж гуай үүсгэн санаачилсан түүхтэй. Тухайн үед Улсын филармони гэж байгуулагдаагүй. Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо гэж байсан. Тэр цагаас хойш хөгжимчид, дуучид, хөгжмийн зохиолчид гээд маш олон хүний хамтран бүтээсэн олон гайхамшигтай уран бүтээлүүд тухайн цаг үе бүртээ жазз, поп гэх зэргээр шинэлэг хөгжмийн төрөл жанрыг Монголын ард түмэнд танилцуулж, соён гэгээрүүлэх үйлсэд манлайлан оролцож ирсэн. Манай чуулгаас олон гавьяатан төрснийг уншигчид андахгүй биз ээ. Одоо ажиллаж байгаа залуу үе ахмадуудынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, нэр төрийг нь өндөрт өргөх гэж хичээж явна.

-Өнгөрсөн онд “Баянмонгол-50 жил” гэсэн пянз гаргасан. Үүнд хуучны сайхан дуунууд багтсан шүү дээ. Энэ тухай тодруулахгүй юу?

-Өнгөрсөн жил чуулгын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж олон ажил хийлээ. Энэ ажлуудын дундаас хамгийн чухал нь пянз, мөн хос цомог гаргах байв. “Баянмонгол” пянзыг 1981 онд гаргасан байдаг. 1980-аад он бол манай чуулга байгуулагдаад 10 гаруй жил болчихсон, нийгэм дэх үүрэг оролцоогоо ухамсарласан, уран бүтээлүүд нь амжилттай явагдаж, ард түмэнд хүрч байсан үе. Үнэхээр тэр цаг үе бол гайхамшигтай байсан гэж дүгнэх нь зүйтэй. Тэр үед гаргасан пянз Монголын ард түмэнд маш том соён гэгээрлийн үүрэг гүйцэтгэж байсан. Иймд пянзанд орсон бүтээлүүд бол “Баянмонгол” чуулгын хувьд хүн бүрийн сэтгэлд хүрсэн классик бүтээлүүд юм. Энэ бүтээлийг өнөө цагийн уран бүтээлчид бид найруулга, дуучдын чадвартай хоршуулж зарим дууг нэлээн өөрчилж гаргалаа. Энэ нь уран бүтээлч бидний хувьд маш сайхан байсан. Уншигч, сонсогч нарт хүрэхээр сэтгэгдлүүд ирэх байх. Мөн хос цомогт монгол ардын дуунууд, пянзанд ороогүй бүтээлүүд, мөн Монголын рок поп хөгжмийн шилдэг бүтээлүүдийг найруулж гаргалаа.

-Тухайн цаг үедээ хит болж байсан олон уран бүтээл бий. Үүнийг шинэчлэн найруулж хойч үедээ хүргэх нь чухал байх?

-Манай чуулгад маш олон хүн уран бүтээл хийж, тэр чинээгээр үзэгч олны хайр хүндэтгэлийг хүлээж байсан. Зарим нь бурхны оронд заларчээ. Мөн одоо ч уран бүтээлээ хийсээр байгаа алдарт ахмадууд маань байна. Тэдний дундаас Л.Оюунчимэг гэж хүний бүтээлүүд үнэхээр гайхамшигтай. Үеийн үед үл мартагдах бүтээлүүд юм. Мөн М.Янжиндулам гэж байсан. Түүний “Орь залуу нас”, “Аавдаа” зэрэг хүмүүсийн сайн мэддэг дуунууд бий. Түүнчлэн, В.Оросоо, Ардын жүжигчин Б.Дамчаа гуай манай чуулгатай хамтарч уран бүтээл хийдэг байлаа. Х.Төмөрбаатар гавьяат маань байна. Одоо ч уран бүтээлээ хийсээр л яваа. Рэнцэнханд, Ц.Өлзий-Орших, дуучин Д.Эрдэнэцэцэг гэх зэрэг олон хүний агуу бүтээлүүдийг монголчууд андахгүй. 1970-1980-аад оны үед театр, чуулгуудын дэргэдэх хамтлаг маш олон байсан. 1980-аад оны сүүлээр рок хамтлаг “Харанга”, “Хурд” гэх зэргээр гарсан. Энэ бүхний суурь нь “Баянмонгол” чуулга, ахмад уран бүтээлчид маань байсан.

“Аяны шувууд” төрийн шагналт З.Хангалын хөгжим. Маш олон хувилбараар олон уран бүтээлч дуулж байсан. “Баянмонгол” чуулгын нэлээн жинтэй уран бүтээл шүү дээ. Хамгийн сүүлийн пянзанд Н.Наранбаатар буюу Наагий дуулсан. Мөн Германы хөгжмийн зохиолчоор дан хөгжмийн бүтээл болгосон. Т.Чимэддорж гуайн “Зам дээр гээгдсэн цэцэг”, Б.Даваагийн “Навчин дээрх шүүдэр” гээд пянз, cd-нд ороогүй олон бүтээл бий. “Баянмонгол” чуулга уран бүтээлийн их уурхай юм. Тэр болгоныг нэг бүү хэл нэлээн хэдэн пянзанд багтаах боломжгүй. Ер нь классик болсон бүтээлүүдийг шинэчилж дараа дараагийнхаа үед хүргэх нь залуучууд бидний үүрэг. Ахмад үеийнхээ уран бүтээлийг сэргээж аль болох сонирхолтой хэлбэрээр, мэргэжлийн түвшинд Монголынхоо ард түмэнд хүргэж байхыг зорьдог. “Баянмонгол” чуулгын үүрэг бол ахмад үеээ ч мартахгүй, орчин үеийн хөгжмийг ч бас орхигдуулалгүй уран бүтээлдээ түлхүү тусгаж явах учиртай. Манай чуулга ямар ч бодлогогүйгээр хөгжим хийж болохгүй. Дэлхийн хөгжмийн хөгжил юу болж байна, түүнтэй аль болох ойрхон уран бүтээлээ толилуулах үүрэгтэй гэж ойлгодог.

-Хэдийгээр орчин үед олон төрөл, жанараар уран бүтээл туурвиж байгаа ч жазз дэлхийн хамгийн үнэ цэнэтэй хөгжимд зүй ёсоор тооцогдсоор байна. Энэ тухайд?

-Маш олон чиглэлээр хөгжмийн уран бүтээл хөгжиж байгаа боловч хамгийн үнэтэй, урт наслах, хүмүүсийн гоо зүйд илүү нөлөөлөх хөгжим бол жазз юм. Тийм ч учраас жазз хөгжим хүндтэй байдаг. Монголын ард түмэнд энэ чиглэлийн уран бүтээлийг тасралтгүй хүргэж байх учиртай. Үүнийг дагаад уран бүтээлчид олноор нэмэгдэж жазз хөгжмийг улам дэлгэрүүлж байна. Монголын ард түмний оюун санаа, гоо зүйн мэдрэмжид маш чухал үүрэгтэй, нөлөөтэй хөгжим учир уг хөгжмийг бодлогын түвшинд дэмжиж байх учиртай.

-2019 он бол танай чуулгын хувьд их ажил амжуулсан, мөн амжилт дүүрэн жил байлаа. Үүнийг дагаад олон нийтийн дунд хүлээлт байна. Энэ онд ямар уран бүтээлүүдээр бэлэг барих вэ?

-Манайх Улсын филармоний чуулга шүү дээ. Улсын филармони өөрийн үүрэгт ажлаа хийнэ. Нийгэмд урлаг соёлоор үйлчилнэ. Үүнээс гадна “Баянмонгол” чуулга орчин үеийн шаардлага хангасан студийн тоног төхөөрөмжтэй болсон. Үүнийгээ ашиглаад бид жил бүр нэг цомог гаргана гэсэн зорилттой байгаа. Өнгөрсөн жил бүтэн пянз, хос цомог дээр ажиллалаа. Амар ажил байгаагүй. Бид муу бүтээл хийж болохгүй. Цаашид манай дуучид, гоцлол хөгжимчид ч юм уу цомог гаргахыг үгүйсгэхгүй.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Манай “Баянмонгол” чуулгад маш олон хүн уран бүтээл хийж, амьдралаа зориулж ирсэн. Мөн энэ чуулга амьдралынх нь утга учир болж байсан олон хүн бий. Үндэсний эрх чөлөөний 108 жилийн ойгоор төр засгаас “Баянмонгол” чуулгад төрийн том шагнал хүртээсэнд чуулгад ажиллаж байсан бүхий л уран бүтээлчдэд чин сэтгэлээсээ баяр хүргэмээр байна. Энэ шагнал зөвхөн энд ажиллаж байгаа хүмүүсийн шагнал огтоос биш шүү. Энэ бол бид бүгдийн шагнал шүү. Төрийн шагнал хүртээхэд тооны хязгаартай юм шиг байна лээ. Цугтаа авах ёстой, гавьяа байгуулсан олон хүнээс хүлцэл өчиж байна. Хэдийгээр та бүхэн Төрийн ордонд орж шагнал аваагүй ч энэ шагналын нэг хэсэг шүү. Та бүхнээ гүнээ хүндэтгэж маш их баярлаж бахархаж байгаагаа хэлмээр байна. Хамтдаа төрийн соёрхолт хүртсэнд баяр хүргэе. Цаашдаа энэ том шагналын өндөр нэр хүндийг авч явах үүрэг бидэнд давхар ногдож байна. Үүнийгээ өндөр өргөж явна гэж уншигч, сонсогч олондоо хэлье.

Ярилцлагын төгсгөлд нэгэн харамсалтай мэдээ дуулгахад Төрийн шагнал хүртсэн, саксфон хөгжимчин Л.Сүхбаатар өнгөрсөн амралтын өдөр бурхны оронд заларчээ. Тэрээр “Баянмонгол” чуулга, Улсын филармонид насаараа ажиллаж, 50 гаруй жил саксфон тоглож урлагт нэрээ мөнхөлсөн хүн байв.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *