Categories
мэдээ цаг-үе

Баянлиг сумын ИТХ-ын дарга С.Амарсанаа: Эндээс 10 тонн бүү хэл 10 кг цагаан будаа хурааж аваагүй. Газар сэндийчиж хаяад л явсан DNN.mn


Монгол Улс түүхэндээ анх удаагаа 10 тонн будаа хурааж авсныг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцолсон. Тодруулбал, тус яамны сайд З.Мэндсайхан “Дотоодын аж ахуйн нэгж Баянхонгор аймагт сүүлийн 10 жилийн хугацаанд оролдлого хийсний үр дүнд анх удаагаа цагаан будаа хурааж авлаа. Хоёр га талбайд тариалалт эрхэлж 10 тонн будаа хурааж авсан” гэж ярьсан юм. Цагаан будааг Баянхонгор аймгийн Баянлиг суманд “Gimex” ХХК тариалсан гэх. Харин Баянлиг сумын иргэдийн зүгээс З.Мэндсайхан сайдын мэдэгдлийг үгүйсгэлээ. Бид газар дээрх нөхцөл байдлыг Баянлиг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсанаагаас тодруулсан юм.


-ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан Баянлиг суманд цагаан будаа тарьж 10 тонныг хурааж авсан талаар онцоллоо. Нутгийн иргэдийн зүгээс үүнийг үгүйсгэж байна лээ. Хэн нь худлаа яриад байна вэ?


-Эндээс 10 тонн цагаан будаа хурааж авсан гэдэг үндэслэлгүй худлаа мэдээлэл. “Gimex” гэх компани тариалсан гээд л янз бүрийн шагнал аваад явж байна лээ. Тийм асуудал ерөөсөө байхгүй. Анх “Gimex” гэх компанийг төлөөлж н.Ганхуяг гэдэг хүн “Цагаан будаа тариалах төсөл оруулж ирж байгаа юм. Танайхтай хамтарч ажиллая” гэх саналыг 2013 онд сумын удирдлагад танилцуулсан. Тухайн үед би Засаг даргаар ажиллаж байлаа. Сумын удирдлагын зүгээс эхний ээлжинд туршлага явуулахаар 200 га газрыг таван жилийн хугацаатайгаар олгосон. Сумаас олгосон газарт ямар нэгэн төрлийн үйл ажиллагаа явуулаагүй. Сүүлд 2020 оны арваннэгдүгээр сард би ИТХ-ын даргын ажил хүлээж авахад ч өнөөх “Gimex” компанийн туршилтын ажил яваагүй, яриад байсан цагаан будаа нь ургаагүй байсан. Улмаар 2020 оны сүүлээр сумын удирдлагууд хуралдаад 200 га газрынхаа 180 га талбайн зөвшөөрлийг хүчингүй болгож хурааж авсан. Газрын түүхийг нь харахад татвараа төлж, хугацаагаа сунгаагүй байсан. Энд нэг зүйлийг тодотгоход, миний бие 2017 онд Засаг даргын ажлаа хүлээлгэж өгсөн.

-Ердөө 2 га талбайгаас л 10 тонн цагаан будаа хурааж авах боломжтой юу. “Gimex” компанийн зүгээс сумын удирдлагууд тариалалтын үйл явцтай танилцдаггүй байсан гэх тайлбар хэлж байна лээ.

-Сүүлийн жил 2 га талбайд цагаан будаа тариалах туршилтын ажил л явагдсан. Будаа, үр тариа огт гараагүй шүү. 10 тонн битгий хэл 10 кг цагаан будаа хурааж аваагүй. Асуудал товчхондоо ийм. Ганзар сэндийчиж малын бэлчээр сүйтгэж хаяад л яваад өгсөн. Энэ газрыг нь төмс, хүнсний ногоо тариалахад л ашиглах байх.

-Засгийн газрын түвшинд ийм ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байгаа ашиг сонирхлыг та хэрхэн харж байна вэ?

-Төсөл авч тодорхой хэмжээний хөрөнгө татсан байх. Дахин зээл, төсөл хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж “10 тонн будаа” хураалаа гэж худлаа сенсаци тарьсан ч байж болно. Хувийн зүгээс ингэж л харж байна. Энэ ор үндэслэлгүй худлаа мэдээлэл нь эргээд биднийг эвгүй байдалд оруулж байна шүү дээ. Манай зүгээс аль болох бодит мэдээллийг олонд түгээхээр л ажиллаж байна.

-Танай сумын ХАА-ын мэргэжилтнүүд хяналт тавьдаггүй юм уу?

-Манай мэргэжилтэн амралтаа аваад явчихсан хойгуур нь “20 тонн будаа хурааж авлаа шүү” гэх мэдээллийг утсаар өгөөд л хаяад явсан байна лээ. Хоёр га-аас 20 тонн будаа хураана гэдэг ямар ч боломжгүй асуудал. Дахин тодруулж 10 тонн цагаан будаа гэх мэдээллийг авсан юм билээ.

-10 тонн будаа хураахад техник, хүн хүч шаардлагатай байх.

-Мэдээж тийм. “Gimex” компанийн гэх тракторын жолооч, туслахтайгаа л байдаг байсан шүү. Тэр хоёр хоёулхнаа 10 тонн цагаан будааг хураагаад ачих боломж бараг байхгүй. Тийм хэмжээний ачаа ачих техник ч манай сум руу орж ирээгүй. “Gimex” компани энэ мэтээр ард иргэдийг дахин хууран мэхэлмээргүй байна. Ховдын Булган суманд ч “Цагаан будаа тарина” гээд газар хөөцөлдөөд явж байгаа гэнэ лээ. Ингэж хүмүүсийг төөрөгдүүлж болохгүй.

-Баянлиг сумын тухайд говийн бүс нутаг шүү дээ. Ногоо тариалахад хэр тохиромжтой юм бэ?

-Цаг уурын тухайд төмс хүнсний ногоо тариалахад боломжтой бүс нутаг. Манжийн дарлалын үед Хятадын цэргийн хоол ундны ногоог энд тарьж байсан юм билээ. Хэрэв цагаан будаа тарих боломжтой бол тэр үед л тариалах байсан болов уу. Усны нөөц хомс учраас л зөвхөн хүнсний ногоо тариалж байсан болов уу гэж ойлгодог юм. Анх энд цагаан будаа тариалах санал ирэхэд усны асуудалтайг анхааруулсан ч “Гүний худаг гаргачихна. Ямар ч асуудалгүй” гэж хэлж байсан гэв. Бид “GIMEX” компани руу хандсан ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Харин зарим мэдээлийн сайтуудаар “GIMEX ХХК-ийн хамт олон 2011 оноос эхлэн эх орондоо тутарга нутагшуулан тариалах, улмаар цагаан будааны үйлдвэрлэл эрхлэхээр хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран олон удаагийн туршилт, судалгаа явуулсны үр дүнд 2021 онд эх орондоо ургуулж, чамлахааргүй ургац авч чадсан. Харамсалтай нь олон жилийн хөдөлмөр, хамт олны минь амжилтыг үгүйсгэсэн, үнэгүйдүүлсэн мэдээллийг цахим орчинд санаатайгаар түгээжээ.

Монголчууд хүнсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр хангаж чадвал хүнсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, гадаад зах зээлийн хараат байдлаас ангижирна гэдэгтэй санал зөрөх хүн гарахгүй байх. Үүн дээр нэмээд Монголынхоо хөрсөнд цагаан будаа ургуулж, гадагшаа урсдаг асар их валютыг авч үлдэхийг манай компани эрхэм зорилгоо болгон ажилладаг. Баянхонгор аймгийн Баянлиг сумаас 10 тонн цагаан будаа хураан авсан хөдөлмөрийг худал хуурмаг байсан мэтээр гүтгэж гүжирдсэнийг “GIMEX” ХХК эрс няцааж байна.

Манай компани 2014-2015 онд БНАЛАУ-д газар түрээслэн тутарга тариалж ХӨСӨГ нэрийн Жасмин будаа зах зээлд гаргасны зэрэгцээ тариалалтын туршлага хуримтлуулан ажилласнаар эх орондоо тариалах ажлын эхлэлийг тавьсан. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүдээ өмнөд хөрш БНХАУ-ын тутарганы талбайд сургах, туршлага судлуулах зэргээр үе шаттайгаар бэлтгэж ирлээ. Энэ бүхний үндсэн дээр туршилт амжилттай болж, анхны ургацаа хураан авсан юм. Олон жилийн энэ хичээл зүтгэлд худал хуурмаг зүйл огтхон ч байхгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг түгээжээ.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *