Categories
мэдээ цаг-үе

Баянхонгор аймгийн арван жилийн сургуулийн 10а ангийг 1966 онд төгсөгчид

Хагас зууны тэртээ сум, аймгаас ирсэн бошгор бор хөвгүүд, салаа гэзэгтэй годгор жаахан охид аймгийн төвийн арван жилийн сургуулийн наймдугаар ангид орцгоож байсан үе өчигдөрхөн мэт. Ахиж хэзээ ч ирэхгүй сургуулийн амьдрал, эгэлхэн сурагч нас минь дэндүү яруу, даанч үл мартам дурсамж болон үлдэж дээ. Тэдэнтэйгээ уулзах бүрийд арван жилийн сайхан үе санаанд орж тэр л үе рүүгээ эргэн очих шиг болдог.

Цэцэг шиг насныхаа дурдатгалаа Д.Өлзий багшгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Дээд сургууль төгсөөд удаагүй 20 гаруйхан настай урт гэзэгтэй, жаахан бүсгүй манай ангийг дааж авсансан. Тэрээр ангийнхаа хүүхдүүдийн сурлага сахилга, эв нэгдэл, хамтач ажиллагаанд үргэлж санаа тавьж хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг байлаа. Он жилүүдийн уртад багш минь бидэнтэйгээ холбоотой байж, ажил амьдралын олон асуудлаар элгэмсүү дотно хандан, багш шавийн холбоог жинхэнэ тогтоож чадсан. Одоо багш минь тэтгэвэрт гарсан ч гэсэн бидэнтэйгээ үе тэнгийн юм шиг, зарим нэгээс нь залуу мэт толиотой, гялалзаж гэрэлтэж явна.

Ангийн багш Дэмчигийн Өлзий “Би 1961 онд Баянхонгор аймгийн арван жилийн сургуульд багшаар томилогдон ажлын гараагаа эхэлсэн. Багш болсныхоо гурав дахь жилдээ сумдад долдугаар анги төгссөн 36 охид, хөвгүүдтэй 8а бүлгийг удирдсан юм. Тэр үеэ эргэн санахад хөгжилтэй, дурсамжтай сайхан байдаг. Хэдий төгсөөд явсан ч шавь нараас минь ил захидал, цахилгаан захиа, зураг ирж намайг баярлуулдагсан. Тэр захидлуудын нэгийг онцлон хүргэе.”

“1967 оны гуравдугаар сарын 8-нд Сайн байна уу? Эрхэм багш таны амар мэндийг асуун лавлаж ажлын өндөр амжилт хүсэхийн завшаанд олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, мартын наймны 57 жилийн ойн баярыг хүргэж байна. Бидний хичээл сурлага амжилттай. Арван жилийн сонинтой захиа их бичиж байгаач багш минь, бидэнд захиа бараглаж ирэхгүй юм. Ирвэл хаагуур ирдэг юм мэдэхгүй. Багш таныг маш их дурсаж санах юм. Муу шавь нар чинь, өнөөдөр харилцаа холбоон дээр хамтарч захиа бичиж сууна. Бидний зарим нэгэн хүүхэд ажилтай байгаад ирсэнгүй. Бид юм үзэх гэсэн чинь билет олдсонгүй. Хотод хүйтэвтэр, эд юмс элбэг хөл хөдөлгөөнтэй байна аа. Таны амьдрал үйлсэд чинь аз жаргал, энэ хорвоо ертөнцийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”.

Гол рольд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт багшийн сургуулийн гуравдугаар ангийн шавь Б.Дэмбэрэлсан, марк нааж конверт нүүрлэсэн Г.Мөнхцэцэг, туслах роль гүйцэтгэсэн Должинсүрэн, он сар тавьсан, мөн ганц хоёр өгүүлбэр нэмсэн Г.Должмаа чинь, харж байсан, түрүүчийн захианы хариу хүссэн Б.Дамбажанцан, хамт олны захианд хүслээ нийлүүлэв, хүндэт багш таны амрыг асууж гарын үсгээ зурав И.Ниндэвчомбо, Багш аа, би амралтаараа тантай уулзаж чадаагүй, унааны байдал тэгж таарлаа. Баярын мэнд дэвшүүлье Б.Банзрагч, Д.Баяраа чинь гарын үсгээ зурлаа. Мөн захианд оролцон гарын үсэг үлдээсэн С.Сарангэрэл, би бас оролцлоо шүү багш аа Даваацэрэн, конверт наасан гүнээ ёсолсон таны шавь Лхагвасүрэн, хайрцагт хийж буй З.Гомбожав, хамгийн сүүлд гарын үсэг зурсан Ц.Ашмаа” гэсэн захидал ирж намайг жигтэйхэн баярлуулж билээ.

Ангийнхан минь сурлага, хүмүүжлээрээ тэгширсэн охид, хөвгүүд байсан тэр л эрч хүчээрээ төрөл бүрийн мэргэжил эзэмшин ихийг бүтээж, ард түмэндээ нэр хүндтэй сайхан ажиллаж, амьдарч байгаад нь бахархаж байна. Миний амьдралын жаргал, зовлонтой үед тэд минь тусалж, дэмжиж байсанд үргэлж баярлаж явдаг юм”.

Тэр үед мөнгө ховор ч юмны үнэ хямд байлаа. Нимгэн дэвтэр 12 мөнгө, дүрдэг үзэг, балын харандаа 3-5 мөнгө, ном сурах бичиг 1-3 төгрөг, нэг удаа кино үзэхэд 50 мөнгө байсан. Таван төгрөгөөр худалдаж авсан 41 ширхэг дэвтрээ гамтай эдэлбэл жилдээ хүрэлцэнэ. 20-25 төгрөгний үнэтэй, бэх соруулдаг хятад үзэг байвч түүнийг дийлж авах нь ховор. Хуурай бэхийг усанд найруулж шилэнд хийн салаа хошуутай үзгээр дүрж бичнэ. Бас тэр үед юм ховор тул элсэн чихрийг төмөр хайрцагны ёроол эсвэл таганд хайлуулж түлээд найзууддаа ээлжлэн долоолгодог байв.Түлсэн чихэртэй хүүхэд үзэг, харандаагаа олчихно шүү. Их долоохоор хэл их хорсдог байж билээ.

Баасангийн Банзрагч: “Би тавдугаар ангиас эхлэн сургууль төгстлөө дотуур байранд амьдарсан юм. 1966 онд юмдаг, нэг өглөө өглөөний цайнд орохдоо цадаагүй болохоор хоёр дахь удаагаа цайнд орчихлоо. Гэтэл хүүхдийн талхны тоо дутчихжээ. Намайг авсныг дотуур байрны багш Цэрэндулам мэдэх нь тэр. Тэр өдрөө байрны зөвлөлийн хурлаар орж “Нөхөр Банзрагч нь 200 гр талх, 30 гр элсэн чихэр, 30 гр масло хулгайлсан тул дотуур байрнаас хөөсүгэй” гэсэн тушаал сонсоод хөөгдөж билээ. Үүнийг ангийн хурлаар хэлэлцэж батлан даалт гаргуулаад дотуур байрандаа эргэн орж байсан хөгтэй дурсамж тодхон байна”.

“Сургууль баригдаж дуусаагүй байсан тул бид наймдугаар ангидаа гэрт хичээллэдэг байлаа. Манай ангийн хөвгүүд, охидын тоо ойролцоо, нэлээд ганган охидтой сурлага, хүмүүжлээр сургуулийн хэмжээнд дээгүүр үнэлэгддэг тэргүүний анги байсан. Нэг өглөө хичээлдээ иртэл манай анги шатаад нүүрс болчихсон байв. Сургуулийн галч манай ангийг өглөө галлахдаа гал алдаж унтрааж чадалгүй шатаачихсан юм гэсэн. Тэр өдрөө хичээл хийлгүй сургуулийн агуулахад байсан шалгүй хуучин гэр барьж, ширүүхэн хүрвэл тараад уначихдаг хэдэн хэмхэрхий ширээ, урт сандал тавьж билээ. Түүнээс хойш манай ангийнхан шороон “шал”-аа усаар хичнээн тургиад нэмэргүй, байнга тоосорч сахилгагүй анги гэсэн хоч зүүх болсон юм даа. Тэр жил МУИС-ийн англи хэлний анги төгссөн Дариймаа багш орос хэлний хичээл заадаг байлаа. Хичээлийн хажуугаар Францын сонгодог зохиолч А.Дюмагийн “Монте Кристо гүн” гэх мэт зохиолуудыг орчуулан уншиж өгнө. Уншихдаа нүдэнд харагдтал, сэтгэлд буутал ярьж, заримдаа өөрөө уйлан ярихыг нь бид хоол ундаа умартан сонсдогсон”.

И.Ниндэвгомбо: “Манай ангийнхан хойноосоо хоёр дахь эгнээний хамгийн баруун захын гэр байлаа. Ангийн чанх хойно багш нарын конторын гэр байдаг учраас бид сахилга баттай байдаг байв. Дараа жилийн намар бид байрны тохижилтыг хийлцэж шинэ анги танхимд суралцсан анхны ахлах анги болсон юм даа”.

1966 оны зургадугаар сарын 18-ны өдөр бид аравдугаар анги төгссөний цайллагаа хийж гоймонтой хоол идэж, улаан ус ууж тухайн цаг үедээ их л сайхан тэмдэглэж байсансан. Хүүхэд бүр сургуулийн хуваарь ажлын томилолт, эвлэлийн илгээлт авч гэнэн дэврүүн сэтгэлдээ гэгээн сайхан мөрөөдөл тээн тус тусын замаар салан одоцгоож билээ. Эргэн харахад ангийнхан минь ажил амьдралын урт замд амжилт бүтээл, алдар гавьяа, авьяас билгийн ариун цагаан мөртэй байжээ. Тухайлбал, ажил хөдөлмөрөөрөө хорь гаруйхан насандаа АИХ-ын депутатаар сонгогдож, Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан илгээлтийн эзэн Шарын голын уурхайн экскаваторчин Д.Суурь маань байсан юм. Биднийгээ баярлуулсан дараагийн хүн бол илгээлтийн эзэн, Шарын голын уурхайн экскаваторчин Монгол Улсын гавьяат уурхайчин Очир байлаа. Энэ хоёр манай ангийн хамгийн жаахан биетэй нь байсан ч бэлчээр нь том гэдгийг ажил амьдралаараа харуулсан.

Манай ангийнхнаас ангийн дарга Х.Жанчивдорж, Ж.Ашмаа, С.Сарангэрэл, З.Гомбожав, Б.Пүрэв-Очир, Д.Рина, Д.Сүхтогоо, Б.Дэмбэрэлсан, Ж.Сандуйдорж, Ж.Дуламжид, Должинсүрэн нар багш гэдэг эрхэм сайхан мэргэжил эзэмшиж зулай зулайгаа дарсан зуу зуун шавьтай болцгоосон. Мөн аравдугаар ангиа ганцаараа алтан медальтай төгсөж, УБДС-д Сүхбаатарын цалинтай сурч хэл шинжлэлийн ухаанаар дэд эрдэмтэн, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан профессор Б.Пүрэв-Очироороо бид бахархдаг юм. ЭНЭШ Төвийн хүүхдийн зөвлөх эмч, клиникийн профессор, Монгол улсын хүний гавьяат эмч Д.Баяраа, Г.Мөнхцэцэг, Б.Дамбажанцан нар маань олны хайр талархлыг хүлээсэн цагаан нөмрөгтүүд болсон. Сургуулиа төгсөөд Украины Киев хотын Техникийн их сургуульд суралцаж улмаар Москва хотноо нийгмийн ухааны академи дүүргэж бидний дундаас тодорсон улстөрч бол Б.Сандуйжав юм. 1992 оны Ардчилсан үндсэн хуульд саналаа нэмэрлэж, гараа өргөж батлалцах эрхэм сайхан үүрэг ангийн хөвгүүнд минь тохиосон билээ. Тэрээр Хөвсгөл, Архангай аймгийн МАХН-ын хорооны хоёрдугаар дарга, Баянхонгор аймгийн МАХН-ын даргаар ажиллаж, МАХН-ын XX их хурал, МАХН-ын Онц хурлын төлөөлөгчөөр сонгогдож явсан. Сурган хүмүүжүүлэгчээс аймгийн намын дарга болтлоо дэвшсэн Д.Рина, эдийн засагч С.Даваацэрэн, Г.Должмаа, геологич Б.Банзрагч, И.Ниндэвгомбо, уурхайчин Б.Дагвабазар, Д.Баатар, дэд хурандаа Б.Гэндэнхорлоо нар тус тусын салбартаа нэр төртэй хөдөлмөрлөж, удирдах алба хашиж гавьяа шагнал хүртсэн. Х.Мягмар, Б.Цэвэлмаа, С.Адъяа нарынхаа хөдөлмөр бүтээл ажил үйлсийг бид бахархан хүндэлж явдгийг тусгайлан тэмдэглэж байна. Биднээсээ түрүүлж бурхны оронд шилэгдсэн ч ангийн дарга Х.Жанчивдорж, ширвээ хар сахалтай сэргэлэн бор Сүхтогоо, орос хэлэнд гарамгай, онцгой ухаантай Дашцэрэв, жавхаатай сэргэлэн цэргийн дарга Цэдэвсүрэн, энгийн даруу Хажид, эрчим хүчний Лхагвасүрэн нар маань бага насны дурсамжид хадаатай байдаг.

Сүхийн Даваацэрэн: “Бид аравдугаар ангиа дүүргэсэн тэр хавар

Униар татсан хаврын орой

Урьхан салхи шивнэхдээ

Удахгүй сургуулиа төгсөх бидний

Урьдах зам чинь хаагуур зурайна вэ? гэсэн сайхан дууг дуулсаар амьдралын харгуйгаар одсон юм даа”.

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, нэг мэдэхэд нас намба суусан өвөө, эмээ болцгоож дээ. Хүн оршин суух, ажиллаж амьдрах газраасаа эхлээд заяаны ханиа хүртэл сонгож болдог. Харин биднийг нэгэн хамт олон болгохоор хэн ч сонгож бүрдүүлээгүй ёстой л хувь тавилангаараа учирсан билээ. Нэгэн цул болоод хэдийнэ хагас зууныг үджээ. Хүүхэд ахуй цагийн дурсамжаараа үүрд гагнагдсан нөхдөдөө урт удаан амьдрал, эрүүл энхийг хүсье.

О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *