Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт долоодугаар сарын 26-ны орой үзүүлэхээр ирсэн хүн жижүүр эмчийг зодож танхайрсан бичлэг цахим орчинд тархаад байсан юм. Болсон явдлын талаар тус эмнэлгийн захирал Н.Баттогтохоос тодруулахад “Ачаалалтай ажиллаж байсан жижүүр эмчийг ажлын байранд нь балмадаар зодсон хэрэг гарлаа. Манай эмчийн уруулыг сэт цохисон, толгой тархи доргисон, нуруу нь хөхөрч улайсан байдалтай байгаа. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зодуулна гэдэг байж боломгүй асуудал. Бид энэ хэргийг цагдаад өгсөн, тэрхүү этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүл мэндийн яамнаас холбогдож, намайг энэ явдлын талаар тайлбар өгөөрэй гэсэн. Зодож танхайрсан этгээд зүрх салгалаад байна гэсэн 103-аар яаралтай тусламжийн тасагт ирсэн хүн хүн юм билээ. Хэдхэн минут хүлээх боломжтой байсан. Тухайн үед манай жижүүр эмч эрчимт эмчилгээний тасагт хүн хэвтүүлээд, ЭХО-ны зургийг нь харахаар гарч ирэхэд нь шууд зодсон байсан. Тэр этгээд архи үнэртүүлсэн, гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Энэ бүхэн бүгд бичлэгээс харагдана гэлээ.