Баянхонгор аймагт дунд сургуулийн сурагчид хоолны хордлогод орж, эмнэлэгт хүргэгджээ.
Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн дотуур байранд амьдарч байсан сурагчид хоолны хордлогод оржээ.
Одоогоор нийт 24 сурагч хордлого тайлах эмчилгээнд хамрагдаж байгаа ба тухайн өдөр сурагчдын идсэн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж аван, лабораторид шинжилж эхэлжээ.
Энэ тухай Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай утсаар холбогдож тодруулахад “Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн манай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиуд танхимын хичээлээ эхлүүлсэн. Шинэжинст сумын дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүд хордлогод орсон нь үнэн. Аймгаас мэргэжлийн хяналтын албаныхан очиж, шалгалт явуулж байгаа. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна гэсэн мэдээлэл авсан. Юунаас хордсоныг шалгаж тогтоох байх” гэлээ.