Баянгол дүүрэг сар шинийн босгон дээр буюу битүүний өдөр Ахмад хөгжлийн ордноо нээлээ. Нээлтэд дүүргийн ахмадууд болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, ДИТХ-ын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Ахмадын хорооны дарга Ч.Ганболд нарын албаны хүмүүс оролцсон юм.
Ахмад хөгжлийн ордны хоёр давхар барилга болон тоног төхөөрөмжид зарцуулагдах нийт 688 сая төгрөгийн хөрөнгийг Баянгол дүүрэг бүрэн шийдвэрлэснээр уг барилга ашиглалтад орж, нийслэлийн хэмжээнд Ахмадын ордонтой анхны дүүрэг боллоо.
Япон улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн серажем ор, хөлний массаж, аарцаг, нуруу, шарлагын аппарат, гүйлтийн зам дөрөв, суурин дугуй зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон тус төв нь ахмадуудын эрүүл мэндийг дэмжихээс гадна чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, урлаг уран сайхан, сургалт зөвлөгөөн зохион байгуулах танхимыг тохижуул ажиллуулж байна.
Баянгол дүүргийн ахмадууд өнгөрсөн онд Ахмадын эмнэлэгтэй болсон бол энэ удаа ийнхүү Ахмадын өргөөтэй боллоо. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон тус дүүргийн удирдлагууд ахмадуудынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэхийн тулд хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Энэ бүхнийгээ шат дараатайгаар үргэлжлүүлэн хийх болно гэдгээ энэ үеэр онцлон хэллээ.
Н.БАЯР