Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаа, хаалтуудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Засаг даргын орлогч нар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад үүрэг болгосон юм.
Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Хотын дарга С.Амарсайхан нийслэлээс томилогдсон ажлын хэсгүүд өөрийн хариуцсан Баянгол, Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнгө үзэмжгүй хашаа, хаалтуудыг цэгцлэх ажлыг хуваарийн дагуу холбогдох алба, хэлтэс газруудтай нягт уялдаа холбоотой сайн ажиллаж байгааг онцлоод энэ тал дээр ажил нь олигтой явахгүй байгаа Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийг хариуцсан орлогч нар, удирдлагуудыг ажлаа хийхийг санууллаа.
Мөн хотын даргын зүгээс нийслэл хотод иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангахын тулд харьяа алба хэлтсийн удирдлагууд биечлэн анхаарч ажиллахыг анхаарууллаа. Дашрамд дүүргийн удирдлагууд сонгууль гээд ажлаа огт хийхгүй байгаа тал дээр шүүмжиллээ.
Дашрамд дурдахад дээрх үүрэг чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж, нийтийн зэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан, олон жил хогондоо дарагдсан хашаа, хаалтууд цэгцлэх, чөлөөлөх ажлыг эрчимжүүлэн зургаадуугаар сарын 01-ээс өмнө дуусгахаар ажиллаж байгаа аж. Зөвшөөрөлтэй мөртлөө хогондоо дарагдсан олон жил барилгын суурь ухаад орхисон аж ахуйн нэгжүүдэд анхааруулга, шаардах бичиг хүргүүлэн яаралтай цэгцлэх, арга хэмжээ авахуулах тал дээр ажиллаж байгаа хэмээн мэдээллээ.
Түүнчлэн НЗД-ын захирамжийн хүрээнд долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлийг илрүүлэн, арилгуулсан байна.