Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу III хорооллын “Ачлал” их дэлгүүрийн ард байрлах 16 дугаар байранд цууралт өгч, байшин нурах магадлалтай болоод байна. Тиймээс өчигдөр оройноос эхлэн цагдаагийн байгууллага, онцгой байдлын алба тус байрыг хамгаалалтад авч, оршин суугчдыг нүүлгэн шилжүүллээ. Тус байртай хэт ойрхон зайтай барилга барихаар нүх ухсанаас үүдэн ийнхүү орон сууцны барилгад цууралт өгч, хөрс суларсан байх магадлалтай гэж урьдчилсан байдлаар дүгнээд буй юм байна. Тус орон сууцанд 200 гаруй айл өрх оршин суудаг бөгөөд айлуудыг өчигдөр орой гэхэд бүрэн нүүлгэн шилжүүлж, “Эрхэс”, “247” болон бусад зочид буудалд байрлуулжээ.
Оршин суугчдын хэлж байгаагаар уг барилгын зөвшөөрлийг “Би Жи Би Жи” компани авахдаа тухайн 16 дугаар байрыг зургаас хасч кадастрын зурагт оруулсан гэнэ.
Бид үүсээд байгаа нөхцөл байдал болон холбогдох албан тушаалтнуудтай холбогдон энэ талаар эргэн мэдээлэх болно.