Categories
мэдээ нийгэм

Баяндоржийн АЛТАНЦЭЦЭГ (1957-2021)


ЭМГЭНЭЛ

Баяндоржийн АЛТАНЦЭЦЭГ (1957-2021)

Бидний хайрт ээж Баяндоржийн Алтанцэцэг нь 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр 64 насандаа хүнд өвчний улмаас таалал төгсөж, ээж, үр хүүхэд, эгч дүү, найз нөхөд, төрөл төрөгсөд, хамт олонд нь нөхөж баршгүй гарз учирлаа.

Б.Алтанцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1965-1975 онд нийслэлийн 14 дүгээр дунд сургуулийн физик, математикийн гүнзгийрүүлсэн ангийг төгсөж, 1976-1982 онд Оросын холбооны улсын (хуучнаар ЗХУ) Доны Ростов хотын Барилга инженерийн дээд сургуулийг барилгын инженерийн мэргэжил эзэмшиж, Техникийн ухааны магистр зэрэгтэй, Барилгын мэргэшсэн төсөвчин, зөвлөх инженерээр ажиллаж байлаа.

Ажиллах хугацаандаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Аммиакан хөргөлттэй зоорийн барилга, Үнэт цаасны үйлдвэрийн барилга, 400 машины гараашийн барилга, “ЭэрмэлХК, “Сод монгол” ХХК, ЭМЯны оюутны 2-р байр, “Хишиг-Арвин” ХХК, “Блю Скай Кашмери” ХХК, “НОЦ” ХХК, “Уушиг цохио” ХХК-ний барилга зэрэг 10 гаруй томоохон барилга, байгууламжийн өргөтгөл, засварыг хийлгэж чанарын онц сайн дүнтэйгээр гүйцэтгэсэн.

Түүнчлэн АДРА олон улсын хөгжил, туслалцааны байгууллага, Шинэ Зеландын байгалийн хүрээлэн, Канадын сан, Английн олон улсын залуучуудын сайн дурын “Ралли интернейшнель” байгууллагын барилгын төслийн удирдагчаар, НҮБ-н дулааны хэмнэлттэй орон сууцны барилга барих төслийн хүрээнд “сүрлэн боодлоор барилга барих” технологийг Монголд нэвтрүүлэхдээ Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн 30 гарй сумын эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан ба сүрлэн барилга барих арга технологийг 400 орчим барилгачдад эзэмшүүлсэн байна.

Монгол барилгын байгууллагын салбарт 39 жил ажилласан ээжийн минь хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж Алдарт барилгачин, Тэргүүний инженер, Монгол Улсын Тэргүүний барилгачин цол, тэмдэг болон Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдаж байлаа.

Ээжийн минь сайхан сэтгэл, хөдөлмөрч шаргуу зан нь үр хүүхэд, хамт олон, найз нөхөд, төрөл садан биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд үлдэж, үйл хэрэг нь өнө мөнхөд үргэлжлэх болно.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *