Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 25 хүүхэд хоолны хордлого авсан байна. Аравдугаар сарын 29-нд буюу өчигдөр 23.00 цагийн байдлаар хордлого авсан хүүхдийн тоо 39 хүрчээ. Эдгээр хүүхдүүдийн биеийн байдал хүнд, хүндэвтэр байгаа гэнэ.
Эмч, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын төлөөлөл бүхий сумын Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа аж.
Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн зургаадугаар сургуулийн дотуур байрны 99 хүүхэд хоолны хордлого авсан юм. Эдгээр хүүхэд юунаас болж хордсоныг холбогдох байгууллагаас шинжилгээ хийхэд хүүхдүүд ацетил бүлэг бүхий химийн органик нэгдэл агуулсан бодисонд хордсон нь тогтоогджээ.