2018 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн 11:00 цагийн байдлаар гурав хоног үргэлжлэн орсон борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багуудын 530 айл өрхийн 2512 хүн үерт автагдаад байна.
Дээрх үүссэн байдалтай холбогдуулан “Үерийн гамшгийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад учирсан хохиролын хэмжээг тогтоох”, “Үерт автагдсан газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх” ажлын хэсгүүд ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар уулын үерийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох ажлыг давхардсан тоогоор 18 байгууллагын 551 алба хаагч, 87 нэгж техниктэйгээр тасралтгүй зохион байгуулж, нийт 449 иргэнийг аюулгүй газарт татан гаргаж, 163 иргэнийг түр хорогдох байранд байрлуулсан байна.
Мөн 43 айлыг нүүлгэн шилжүүлж, 3.9 км үерийн хамгаалалтын далан босгож, хуримтлагдсан усыг зайлуулах шуудуу татжээ.
Түүнчлэн Гамшгийн голомтод нэмэлтээр Баруун бүсийн 4 аймгийн Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч, 4 нэгж техниктэйгээр ирж үүрэг гүйцэтгэж байгаа юм.