Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийд тарваган тахал гарч нэг хүн нас баржээ

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд гэр бүлийн хоёр хүн энэ сарын 28-ны өдөр тодорхой бус өвчнөөр өвчилж, нөхөр нь нас барсан тохиолдол бүртгэгджээ. Улмаар эхнэрийнх нь биеийн байдал хүндэрч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж. Түүнчлэн тухайн гэр бүлийн хоёр хүүхдийн биеийн байдал тааруухан байгаа гэх мэдээллийг албан бус эх сурвалж өглөө.

Холбогдох байгууллагууд өвчилсөн болон нас барсан иргэнээс дээж авч, Улаанбаатар хотод явуулсан ч шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар тарваган тахал байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.

Харин аймгийн Онцгой комиссоос тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд өнөөдрөөс тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Аймгийн ЗДТГ-аас мэдээлснээр шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *