Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн уламжлалт XVII дугаар бүсийн “Универсиад” их наадам Баян-өлгий аймгийн төв Өлгий хотноо энэ сарын 25-29-нд явагдана. Наадмыг Монголын оюутны спортын холбоо, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймгийн салбар сургуулиуд хамтран зохион байгуулна. Наадмын бэлтгэл ажлыг нэг жилийн өмнөөс хангажээ. Нээлт, хаалтын арга хэмжээ нь шинэ Спортын ордонд, урлагийн тоглолтууд нь Хөгжимт драмын театрт болох ба спортын тэмцээнүүд сургуулиудын спортын заал, цэнгэлдэх хүрээлэнд болно.
Энэхүү наадамд МУИС-ийн Завхан аймаг дахь салбар сургууль, ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Ховд аймгийн “Ховд” их сургууль, Баян-Өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар зэрэг баруун 5 аймгийн их, дээд сургуулийн 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцохоор бэлтгэж байна. Аймгуудын шигшээ багт орох сонгон шалгаруулалт нь тухайн ИДСургуулиуд дээр 2014 оны эхнээс эрчимтэй, сонирхол, өрсөлдөөнтэй болжээ.
Бүсийн “Универсиад” их наадам нь сагсан бөмбөг (эр, эм), шатар (эр, эм), үндэсний бөх, ширээний теннис (эр, эм), модон бөмбөг (эр, эм) зэрэг үндсэн 5 төрлөөр болох ба үзүүлэх тоглолтын төрлөөр “Тогыз туламах” буюу казак үндэсний оюун ухааны спортын төрөл (эр, эм) нийтдээ спортын 6 төрлийн тэмцээн болно. Урлагийн их наадам нь 5 төрлөөр болж оюутнууд өөрсдийн авьяас чадвараа сорин өрсөлдөнө. Наадмын үеэр оюутны ЭШ-Онол практикийн бага хурал, оюутны холбоодын дарга нарын хурал, бүсийн “Оюутан мисс” шалгаруулах тэмцээн, ИДСургуулиудын захирлуудын ажил хэргийн уулзалт-ярилцлага зэрэг олон талт арга хэмжээнүүд нэг дор зохион байгуулагдах ажээ.
Тус наадамд амжилттай оролцон эхний 3 байранд шалгарсан оюутан тамирчдад Монголын Оюутны УАШТ-ны медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, цомыг Баян-өлгий аймгийн удирдлагууд, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОХ-ны ажлын албаны дарга Б.Жигжид, Баян-Өлгий аймгийн ХИС-ийн салбар сургуулийн захирал Б.Бекболат нарын зэрэг төлөөлөгчид гардуулж өгнө.
Энэхүү оюутны бүсийн “Универсиад” наадам Монгол улсын алс баруун хязгаар Баян-Өлгий аймагт хоёр дах удаагаа зохиогдох гэж байна. Энэ наадам нь баруун бүсийн аймгуудын их, дээд сургуулиудын оюутан залуучуудын дунд 1997 оноос эхлэн уламжлал болон жил бүр зохиогдож ирсэн бөгөөд энэ удаа 17 дах бүсийн наадам “Универсиад” нэрийн дор болно. Энэ наадам нь баруун бүс нутагт явагддаг хамгийн том оюутны спорт –урлагийн цогцолбор арга хэмжээ ба үе үеийн олон зуун оюутан залуучууд шалгаран оролцож ирсэн түүхэн уламжлалтай наадам юм.