-ХҮҮХДҮҮД ТОЛГОЙНЬ ХҮЧТЭЙ ӨВДӨХ, ОГИХ, ТАТАЛТ ӨГӨХ УХААН АЛДАХ ЗЭРЭГ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧЭЭ-
Баян-Өлгий аймагт 90 гаруй хүүхэд хоолны хордлогод орж энэ сарын 3-ны орой эмнэлэгт хэвтжээ. Хүүхдүүдийн биеийн байдал тааруу байгаа гэнэ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хордлогын тасагт 40 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Энэ талаар Баян-Өлгий аймгийн албаны эх сурвалжтай холбогдож хүүхдүүдийн биеийн байдал, ямар хүнсний зүйлээс болж хордсон талаар мэдээлэл авсан юм.
Энэ сарын 3-нд 19:00 цагт Баян-Өлгий аймгийн зургадугаар сургуулийн дотуур байрны 126 хүүхэд оройн хоол идсэн гэнэ. Тухайн өдрийн хоолны цэсэнд хар цай, ногоотой шөл, хоёр хэрчим талх зэрэг байсан гэнэ. Тус сургуулийн дотуур байрны хоёр тогооч хүүхдүүдэд оройн хоолыг бэлтгэж өгчээ. Дотуур байранд амьдардаг хүүхдүүд оройн хоолоо идэж дуусаад 30 орчим минут болоод биеийн байдал тавгүйрхэж эхэлжээ. Өнөө жил дунд сургуульд орсон нэгдүгээр ангийн гурван хүүхэд толгой нь эргэж, бие нь салгалж чичирч эхэлсэн байна. Нэгдүгээр ангийн хүүхдүүдэд дээрх шинж тэмдэг илэрсний дараа сургуулийн эмчийг дуудсан байна. Сургуулийн эмчийг гэрээсээ дотуур байранд ирэх хооронд 90 гаруй хүүхдийн дотор нь муухай оргиж, огиулж, зарим хүүхдэд таталт өгч эхэлсэн байна. Байрны багш, тогооч, сургуулийн багш, захирлыг ирэх үед дотуур байрны тасаг бүрт хүүхдүүд босч чадахгүй байдалтайгаар орон дээрээ эвхрэлдэн хэвтэж байсан аж. ингээд Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн машин, онцгой байдлын газрын автомашинаар хүүхдүүдийг эмнэлэг рүү зөөсөн байна. Эмч нар хүүхдүүдэд хийсэн анхны үзлэгээр “Хүүхдүүд хүнсний төрлийн ямар нэгэн зүйлд маш хүчтэй хордсон. Хордлогын улмаас хүүхдүүдийн бие салганах, дотор муухай оргих, бөөлжих, тархи толгой нь хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Хордлого тайлах эмчилгээ хийж эхэллээ. Хүүхдүүдийн биеийн байдал маш хүнд байгаа учир ар гэрийнхэнтэй нь холбоо барьж дууд” гэжээ.
Шинжилгээний
хариу ирэх дОлОО хоногт гарна
Дотуур байрны хүүхдүүд хоолны хордлогод орж эмнэлэгт хүргэгдсэнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн хөдөө орон нутгаас хүүхдүүдийн аав, ээжийг дуудах ажил хийгдэж эхэлсэн байна. Харин Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтсээс дотуур байрны хоёр тогоочид Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар ямар нэгэн химийн бодис хоолонд нь хийж хүүхдүүдийг хордуулсан байж магадгүй хэмээн цагдаа нар үзэж тогооч нарыг саатуулсан гэнэ. Харин хүүхэд хордсонтой холбогдуулан Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар тухайн өдрийн хоолны материал, хоолны дээж зэргийг битүүмжилж лабораторийн шинжилгээ хийлгэхээр явуулжээ. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарах юм байна. Хүүхдүүд хордлогод орохоосоо өмнө ногоотой шөл, хар цай, талх идсэн байна. Хүүхдүүдийн хэлж буйгаар тухайн өдрийн хоолонд ирсэн хоёр хэрчим талх идсэн хүүхдүүд хордлогод орсон гэнэ. Харин шөлөндөө талх дүрж идээгүй хүүхдүүдийн биед хордлогод орсон шинж тэмдэг илрээгүй байна. Дотуур байрны тогооч хүүхдүүдэд өгөх талхаа өөрсдөө хийдэг байна. Тухайн өдөр хийсэн талхандаа түргэн исгэгч, элсэн чихэр, бага зэргийг масло хийсэн байна. Хүүхдүүд талхны ямар төрлийн хольцноос болж хордсон гэдэг нь тодорхойгүй байгаа гэнэ. Харин хоолны хүнсний ногоог нутгийн иргэдээс гэрээгээр худалдан авдаг байна. Тогооч нар талх барихдаа түргэн исгэгчийг дэлгүүрээс худалдаж авсан гэж ярьсан байна.