Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт нэг монгол, дөрвөн вьетнам иргэнийг тусгаарлажээ

2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймагт “Хүннү эйр” компанийн Улаанбаатар-Өлгий чиглэлийн онгоцоор ирсэн Монгол Улсын нэг, Вьетнам улсын дөрвөн иргэнийг тусгаарлалаа.

Энэ тухай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, Онцгой комиссын гишүүн Т.Серикжанаас тодруулахад “Онгоцонд 27 зорчигч байсан. Вьетнам улсаас дөрвөн жуулчин, БНСУ-д суралцдаг тус аймгийн нэг оюутан өнөөдрийн онгоцоор Өлгий хотод 16 цаг 44 минутад газардсан байна. Зорчигчдыг онгоц газардахаас өмнө онгоцны үйлчлэгч нь биеийн халууныг хэмжихэд Вьетнам улсын нэг иргэн 37.7 халуунтай байна гэсэн мэдээллийг орон нутгийн цагаар 16:31 минутад нислэгийн удирдагч аймгийн шуурхай штабт мэдэгдсэний дагуу аймгийн мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүн тухай газарт ажиллаж, Монгол Улсын нэг, Вьетнам улсын дөрвөн иргэнийг тусгаарлаад байна. Харин оюутны хувьд коронавирусний дэгдэлт ихсэж буй БНСУ-аас энэ сарын 23-нд эх орондоо ирсэн учир дээрх таван иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, хамт зорчиж ирсэн 23 иргэнийг бас хяналтад авсан. Зорчигчдыг тээвэрлэж ирсэн агаарын хөлөгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Одоогоор сэжиг бүхий Вьетнам улсын иргэний халуун нь буусан, биеийн байдал нь хэвийн байгаа. Шинжилгээний дээжийг авч, маргааш өглөө онгоцоор ХӨСҮТ-д хүргэхээр ажиллаж байна. Хариу нь 27-ны өдөр тодорхой болно. Тийм учраас шинжилгээний хариу гараагүй байхад үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *