Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар тус сумын харьяат 13 настай эмэгтэй А, 10 настай эрэгтэй Ж нар сураггүй болсон. Алга болсон тухай дуудлагыг зургадугаар сарын 24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан байдаг. Тус аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, нийт 17 хүн, гурван автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Энэ сарын 28-ны өдрийн байдлаар Бугат сумын Буга багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газраас Ногооннуур сумын Бахлаг баг хүртэл 42 км-т “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг хийж 20 удаагийн шумбалтаар, үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоожээ. Иймд эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөө 07:00 цагт дахин эхлүүлсэн байна. Үндэсний аврах бригадын найман алба хаагч, нэг автомашинтайгаар очиж, нэмэлт хүч болон өнөөдрөөс ажиллаж эхэлжээ.