Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БХЯ-наас нийгмийн хариуцлагаа дээдлэн хийж байгаа томоохон ажлын нэг нь “Цоглог” цэцэрлэг юм.
БХЯ-ны харьяа аж ахуйн нэгж, байгууллагууд, Зэвсэгт хүчний анги, салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл хоёрдохгүй, тав тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс энэхүү “Цоглог” цэцэрлэгийг байгуулжээ.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын жишиг стандартыг эрхэмлэж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, анги танхим, орчныг камержуулсан, гадна талдаа эко орчинг бүрдүүлсэн тоглоомын талбай, бүх төрлийн тоглоомоор хангасан, бүх өрөө тасалгаанд агаар шүүгч байрлуулсан байна.
Хүүхдүүд насныхаа онцлогоос хамаарч өдөрт ямар хэмжээний хоол хүнсээр хангагдах, хэрхэн эрүүл өсч бойжих вэ гэдэг дээр анхаарч, хоол хүнсний асуудлыг шийдэхээс эхлээд гал тогоог иж бүрэн тохижуулсан гээд цэцэрлэгт юу л байх ёстой тэр бүгдийг 100 хувь шийдээд байна.
Мөн БХЯ-ны харьяа мэргэжлийн олон байгууллага бий. Энэ байгууллагуудын оролцоотойгоор хүүхдүүдэд нэмэлтээр морин хуур, төгөлдөр хуур, шатар, даам зэрэг төрлүүдээр урлаг, спортын дугуйланг хичээллүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн Оюун ухааны академийн удирдлагуудтай хамтран ажиллах талаар ч ярилцаж, тэндээс багш нар урьж хичээл оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй багш хөлсөлж, нэмэлт зардал гаргахгүйгээр хүүхдүүдээ хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх ажээ.