Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт өндөр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилтыг хүссэн юм.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд И.К.Азизовт хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, дэмжлэг үзүүлэн ажилладагт нь талархал илэрхийлж, хоёр талын улс төр, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.