Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баталсан хийгээд буцаасан хуулиудын тухай

Хаврын чуулган завсарлачихсан байна. УИХ-ын гишүүд налгар зуныг найр наадам хэссэн шигээ өнгөрөөж явна.  Чухам хаврын чуулганы хугацаанд тэд ямар ажил амжуулж, хэдэн хууль гараас гаргаж, хэдийг нь буцаасныг энэ цагт эргээд нэг саная.  Хаврын чуулганаар нийт 106 хууль, тогтоол, шийдвэр гаргасан тухай УИХ-ын дарга хэлсэн байна.

Ямар хуулиуд батлав 

Нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг гараас гаргажээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан байна.  “Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталжээ.  Шилэн дансны тухай төсөл ч хууль болон хэрэгжихээр болсон юм. Энэ хуулийн тухай яривал их түүхтэй. Ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан уг төслийг УИХ эхэндээ хүлээж аваагүй, унагасан тохиолдол бий. Гэвч  төслийг хоёр дахиа өргөн барьж,  дэмжлэг авсан гэж байгаа. Ахин дахин өргөн барихаас ч өөр аргагүй. Энэ хууль заавал батлагдах нь нийгэмд хэрэгтэй байжээ. 

Хууль батлагдсанаар Монголын ард түмний татварын мөнгийг төвлөрүүлсэн төсөв хэмээгчийг захиран зарцуулж буй албан тушаалтнууд тайлангаа ард түмэнд тавина. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн данс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс  шилэн хэлбэрт шилжих нь.  Төрийн компаниуд, төсөв захирагчид түмний мөнгийг яаж зарцуулж байгаа нь энэ цагаас бүхэнд ил тод болно гэсэн үг. Ингээд бодохоор сандал, суудлын төлөөх хаваржингаа оволзсон тэр их хэрүүлийн хажуугаар УИХ ганц ч болов хэрэгтэй хууль баталсан нь энэ болж таарлаа.

Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хууль болгон шийдвэрлэсэн явдал. Гэхдээ үүнийг нэг тохироотойгоор баталсан.  “Шударга ёс” эвсэл төслийн зарим заалттай санал нийлэхгүй байгаа. Үүнийгээ хэлж,  чуулган завсарлах тэр өдрийг гацааж, сунжруулж магадгүй болчихоод байсан юм. Учир нь тэд стратегийн ордуудад төр хувь эзэмших ёстой гэдэг жанжин шугам барьдаг. Үүнийгээ төсөлд тусгуулах байр суурь баримталж байлаа. Тиймээс чуулганаа хугацаа алдалгүй завсарлуулахын тулд тэдний саналыг намрын чуулганаар хэлэлцье.  Ашигт малтмалын тухай хуульдаа үүнийг нь оруулах эсэхээ ярья хэмээн  амлаад хуулиа “түр” баталсан гэхэд болно. Мэдээж хаврын чуулганаар хангалттай хэлэлцэж, баталсан асуудал нь “Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх  тогтоолын төсөл байлаа. Талцаад байдаг намууд ч энэ төслийг батлахад харьцангуй тэгш оролцоотой байж, өөр өөрсдийн саналыг тусгасан юм. Тогтоолын дагуу хэд хэдэн хуулийн төсөл, арга хэмжээнүүдийг УИХ баталж өгсөн байгаа. Үүний хүрээнд өнөөдөр Засгийн газар эдийн засгаа сайжруулахаар амралтгүй ажиллаж яваа дуулдана. Мөн “Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Цагаан суваргын ордод төр хувь эзэмших эсэхийг шийдсэн.  Шилэн дансны тухай хуультай адил “хувь заяагаар” эргэж буцсаны эцэст батлагдсан Хяналтын тухай хуулийг ч хаврын чуулганы нэгэн үр дүнгээр нэрлэж болно. Энд дурдагдсан ихэнх хуулиудыг эрхэм гишүүд маань “өрөөндөө” хуушуур захиалж, суудлаасаа өндийлгүй хуралдаж, нэг л өдрийн дотор баталчихсаныг ард түмэн цөм харсан. Тэдний баталсан хууль, тогтоол, шийдвэрүүдээс онцлон хэлэхэд ийм байна. 

Буцаасан хуулиуд 

Үнэндээ хаврын чуулганы хугацаанд  буцаасан, унагаасан төсөл, хэрэлдсэн, завсарлага авсан асуудал,  огцруулахаар зүтгэсэн сайд олонтой байлаа.  Тэдний тод жишээ нь Газрын тухай хуулийн төсөл.  Гадаадын иргэдэд газар эзэмшүүлье, газар тариалангийн бүс нутгийг хувьчилъя гэдэг үзэл санаа туссан тухай  сөрөг хүчин шүүмжилж байлаа. Үнэхээр тийм бол энэ  хууль амьдралд нийцээгүй байж.   Зөвхөн парламентад төдийгүй, нийгэм даяар иргэдийг талцуулах хандлагатай болсон Газрын тухай хуулийг өргөн барьсан хүмүүс нь явцын дунд буцаагаад татчихсан. Чухам энэ хуулийн төсөл хэзээ олны таашаалд нийцсэн байдлаар орж ирж, хууль болон батлагдах нь дахиад л тодорхойгүй хэвээр үлдлээ.  Хаваржингаа улстөржин хэлэлцчихээд эцсийн шатандаа батлалгүй унагасан  нэг төсөл бол яах аргагүй олны яриагаар давхар дээлийн асуудал. 2016 оны долдугаар сарын 1-нээс сайд нарыг дан дээлтэй болгочих гэсэн Ерөнхийлөгчийн санааг Ардын намынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах дөгөө болгон хувиргахаар зүтгэсэн. Нэг ёсондоо  шал дэмий цаг үрсэн улс төр болон хувирсан билээ. Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудал ч  үүнтэй адил “сценараар” явсан. О.Баасанхүү гишүүн парламентыг бүтэн хоёр сар ажил хийлгэлгүй, хамаг анхаарлыг нь хэрүүл шуугиан руу татчихаад эцсийн мөчид өргөдлөө буцаагаад авчих жишээтэй. Гэх мэтчилэнгээр үр дүнгүй ажлууд хаврын чуулганд олон байлаа. 

Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах төсөл ч мөн ялгаагүй гацчихсан. Анх санаачилсан хуульдаа гар хүргүүлэхгүй хэмээн бамбай бариад зогсч байгаа Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад таг зогссон.  Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл ч хаврын чуулганаар эцэслэгдэж чадсангүй.  Хань ижил нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч тэтгэврийг нь үргэлжлүүлэн авах боломж  олгох асуудал байлаа. Гэвч Ардын намынхан үүнийг сөргүүлж, малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай төсөл өргөн барьж, барьцсанаар чөдөр тушаа болсон.  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах, Галт зэвсгийн тухай, Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого, Худалдааны тухай,  Өршөөл үзүүлэх тухай хууль, тогтоолын төслүүдийг  ор тас орхилоо.  Х.Тэмүүжин сайдаар овоглогддог Гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуулийг ч батлах нь бүү хэл олигтой хэлэлцсэнгүй.  Төмөр замын царигийн асуудлаа ч нэг тийш нь болгосонгүй, хаалттай хуралдсаны эцэст “дараа болъё” гэж хойшлуулаад амарцгаав.  

Хаврын чуулганы үеэр  Засгийн газраас өргөн барьсан нэг дорвитой зүйл нь Эдийн засгийн өршөөл буюу ил тод байдлын тухай хуулийн төсөл юм. Үүнийг УИХ эцэслэн шийдэж чадалгүй завсарлалаа. Гэхдээ намрын чуулганаар ч энэ төсөл батлагдана гэсэн баталгаа алга.  Учир нь Ардын намынхан уг хуулийн төслийг улдан эсэргүүцэж буйгаа хаврын чуулганы үеэр илэрхийлээд эхэлсэн. Бүлгийн дарга нь  “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих нэрийн дор хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн, хөрөнгөө нуусан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн авлигачдыг өршөөхөд чиглэгдсэн. Хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан нөхдийг өршөөнө гэсэн хуулийн төсөл оруулж ирсэн нь шударга ёсны зарчимд харшилж байна” гэх мэтээр ярьж байгаа. Энэ байдлаас нь харвал Эдийн засгийн өршөөлийн тухай хууль сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. Уг нь бол Эдийн засгийн өршөөлийн тухай хууль батлагдвал Ардын намынханд юу юунаас хэрэгтэй баймаар. Төр барьж явсан  он жилүүдэд хийсэн гэм байдаг юм бол үүгээр л далимдуулж цайруулах гэхсэн.  Үүнийгээ мэдсээр байж худлаа жүжиглэж маяглахын хэрэг байхгүй мэт санагдана.  Гэвч энэ төслийг намрын чуулганаар хэрхэн хэлэлцэхийг хүлээх л үлдлээ. Энэ мэт хаврын чуулганаас гээгдсэн олон чухал хууль намрыг хүлээсээр, харин гишүүд наадамласаар л явна.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *