-Энэ жил боомын өвчлөл гурав дахин нэмэгджээ-
Мал эмнэлэг үржлийн газар, Зоонозын үндэсний төв хамтран өчигдөр боом өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ оны хагас жилийн байдлаар нийслэлийн Хан-Уул дүүрэг, Завхан аймгийн Дөрвөлжин сум, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Булганы Хишиг-Өндөр, Хөвсгөл аймгийн Мөрөн, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом болон нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо зэрэг найман аймгийн сум, дүүргийн нутагт боом өвчний 60 гаруй тохиолдол бүртгэгджээ. Жил бүр 4.3 сая малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж байгаа ч энэ онд боомын тархалт өмнөх жилийнхээс гурав дахин өссөн байна. Мөн боом өвчин хүнд халдсан гурван тохиолдол бүртгэгджээ. Хан-Уул дүүргийн хоёр, Булган аймгийн нэг иргэн боом өвчний халдвар аван Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлсэн байна. Тэдний хоёрынх нь биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ. Дээрх иргэд лабораторийн шинжилгээгээр боомтой гэдэг нь тогтоогджээ. Дээрх гурван иргэд боомоор өвдсөн мал муулж байгаад халдвар авсан аж. Хан-Уул дүүргийн иргэд болох эхнэр, нөхөр хоёр Төв аймгийн Баянхангай сумаас нийслэлд нүүж ирсэн малчны малыг хариулж байгаад ийм халдвар авчээ. Тус айлын мал зургаан сараас эхлэн тодорхой шалтгаангүйгээр үхэж эхэлсэн юм байна. Гэсэн ч эзэд нь мэргэжлийн хүмүүст хандаагүй гэнэ. Тиймээс дээрх хүмүүс болон Бянхангай сумын малын эмчид хариуцлага тооцох ёстой гэдгийг албаны хүмүүс хэлж байв.
Боомын халдвар авсан хүний биед үү шиг хар тав гардаг байна. Тэр нь ямар ч өвчингүй гэнэ. Оролдож маажсан тохиолдолд шархалж, хавдан, цэврүү идээ бээр болдог аж. Хэрэв сэжигтэй мах идээд ийм шинж тэмдэг илэрвэл нэн түрүүнд эмчид хандах ёстой гэж албаныхан хэлэв. “Боомоор өвдсөн мал муулах, махыг нь шууд хэрэглэсэн тохиолдолд, мөн боомоор бохирдсон хөрс шороо, өвчтэй малын шүлсээр дамжин энэ өвчин халддаг. Том худалдааны төв, захуудаар зарж буй маханд лабораторийн бүрэн шинжилгээ хийж байгаа. Харин жижиглэн худалдаа, дэлгүүр болгонд хяналт тавих боломжгүй” хэмээн Зоонозын өвчин судлалын төвийн бэлэн байдал, тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч Ш.Агиймаа хэлж байв.
Иймд иргэдийг баталгаагүй газраас мах худалдаж авахгүй байх, сэжигтэйгээр гэнэт үхсэн малын мах идэхгүй, нийтэд худалдахгүй байхыг Зоонозын өвчин судлалын төв, МХЕГ, цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн мах худалдан авахдаа сайн шинжилж өнгө, байдалд нь өөрчлөлт орсон бол авахгүй байхыг анхаарууллаа. Боомоор үхсэн малын махны бүх нүх сүвээр цусархаг шингэн шүүрч, эд эрхтэн нь цусаар дүүрэн нилэнхүйдээ хүрэн улаан өнгөтэй болсон байдаг аж.
Одоогоор боомын голомттой газруудын эрүүл малыг вакцинд хамруулж, хөрсний шинжилгээ хийх ажлыг өрнүүлж байгаа юм байна.
Э.Номин