Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бас л архичдаа өхөөрдөөд бүтэн сайнд хорьсон болоод таарах нь дээ!?

Намрын чуулган нээгдэхэд Ерөнхийлөгч “Юун архины савлагаа, дээлийн хээ, Кембрижийн хөтөлбөр яриад байна вэ. Асуудлынхаа эрэмбийг олж харъя. Эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох л чухал байна” гэж халагласан. Энэ бол арга байхгүй үнэн. Орлого олж улс орноороо баяжихын хажууд архи гэж буй нь жул санагдаж байгаа байх л даа. Гэхдээ орлогыг эрүүл хүн оруулдаг. Архинаас хол, архинаас холдсон, архины хамааралгүй хүн ажил хийдэг, орлого олдог, баялаг бүтээдэг. Энэ бол амьдралын бодит үнэн. Саяхан УИХ-ын эмэгтэй гишүүд Архи согтууруулах ундааны тухай хуульд өөрчлөлт оруулах гэж үзлээ. Үндсэндээ архины эсрэг хуулийг сүрхий хэлэлцсэн ч ачир дээрээ бас л архичдаа өхөөрдөж, өмөөрч, хаацайлсаар байгаад таарах шив.

“Архийг хорьж огтоос болохгүй, тэгвэл архичид хор уучихна. Шагчид энд тэндгүй цэцэглээд юу ч хамаагүй зараад эхэлнэ. Ингээд архичид амь насаа алдах аюултай, эвий минь, хөөрхий минь” гээд эхэлсэн. Ажил хийж байгаа хүнээ үхчихнэ гэдэггүй байж архи ууж байгаа хүнээ үхчихнэ гэж уйлалдаад өмөөрч хамгаалаад байдаг нь ямар учиртай юм бэ?

Барилга барьж байгаа хүмүүсийн, уурхайд ажиллаж байгаа иргэдийн амь насанд нь аюул учирч болзошгүй гээд хөдөлмөрийн аюулгүй байдал яриад, өнгөрсөн нэгнийх нь амийг нэхэж байсан тохиолдол төр засгийн нөхдүүдэд бий билүү. Хэдэн жилийн өмнө “Эко алтан Заамар” компани хиймэл нуураа карьертайгаа залгаа байгуулснаас нуралт үүсч дөрвөн залуу амиа алдаж байсан. Ер нь хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас хичнээн хүн уурхайд амиа алдав. Налайхын уурхайд байсхийгээд л осол гарч уурхайчин залуус гурав дөрвөөрөө, тав арваараа үхэж л байдаг. Хоёр жилийн өмнө төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн залуу лагтаа унаж амиа алдаж байсан.

Энэ бүгдэд ярьсан хөөрсөн, амиа алдагсдын хойноос харамсан гашуудсан, дахиж уурхайчдаа, энгийн ажилчид, барилгачдаа үхүүлэхгүйн төлөө аюулгүй байдал талаас нь төр засаг яг юу хийсэн юм. Үүний хажууд архичдаа өмөөрч, нийгмийн шаар шавхруу болсон тэднийг эвийлэн хаацайлж, өөгшүүлж байгаа нь Монгол төрийн эмгэнэл. Ингэж бид хөлөөрөө толгой хийж болохгүй. Ер нь энэ архи гэдэг зүйл Монголд яахаараа ганцаараа дархан эрхтэй ноёлдог юм. Энэ тухай “Өдрийн сонин” өмнө нь бичиж байсан. Цар тахлын улмаас нэг сая гаруй хүн амь үрэгдээд байна. Хүн төрөлхтний соёл, зан заншил хүртэл өөрчлөгдөж, олимп хойшилж, Монгол Улс уламжлалт баяр Цагаан сараа цуцлахад ганцхан архи л дархан эрх эдэлсэн. Эрх баригчид бүх зүйлийг хаасан хэрнээ архийг хориогүй. Одоо тэгэхээр архийг бүрмөсөн хорих хэргтэй байна.

Их хурлын эмэгтэй гишүүдийн архины эсрэг хууль ном ёсоороо бол архийг тэр чигт нь хорьж, архины үйлдвэр, архины худалдаа эрхэлдэг бүх газрын лицензийг цуцлах байсан юм. Гэвч өнөө л архийг дээдэлж архичныг өмөөрдгөөрөө өмөөрөөд өнгөрсөн. Үндсэндээ бүтэн сайнд архи зарахыг хориглосон шийдвэр гаргасан болоод л энэ асуудал дуусах нь шиг байна.

Архийг хорьж болохгүй, архи хорьсноос болж Америк юу болов, “хуурай хууль” гээд баахан цэцэрхэж, архичдыг өмөөрч үхэх гээд байгаа нөхдөд хэлэхэд Монгол Улс архийг хорьж байсан удаатай. Тухайлбал, 2008 оны эхээр “Азийн чоно”-ын архинаас 200 гаруй хүн хордож 15 нь нас барсан. Уг дуулианаас болж архийг нэг сарын хугацаанд хориход эрүүлжүүлэх байр, гэмтлийн эмнэлэг хүнгүй болсон тухай архитай тэмцэгч, судлаач Ж.Цогтсугар хэлж байсан.

Мөн хэдэн жилийн өмнө, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт таван хүн архинд хордож нас барсан. Түүнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дөрвөн өдрийн туршид архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргаж байсан. Архигүй тэр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56.8 хувиар, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83.3 хувиар тус тус буурсан байдаг. Гэмт хэрэг ихээр гардаг нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд энгийн өдрүүдэд архинаас үүдсэн зөрчил дуудлага 80-120 ирдэг байсан бол архийг хориглосон өдөр ердөө арав гаруй болж илт буурч байсан. Согтуугаар танхайрсан гэмт хэргийн зөрчил бусад өдрийнхөөс 40.4-47.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан байдаг.

Ийм статистик мэдээ, судалгаа тооцоо байсаар байтал өнөөг хүртэл архийг хаасангүй. Энэ оны эхээр Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар архины 32 компанид шалгалт хийж нэр бүхий 14 компанийн эрхийг цуцалсан. 14 компанийн эрхийг цуцалсан гээд архи багассан нь хаана байна. Монгол даяар битүү архидалт, бид архин далайдаа живж ядуу гуйлгачин амьдарч байгаа нь үнэн. Тэгэхээр одоо нялганаж, нялцганаж, эвийлж хаацайлах зүйлгүйгээр архийг бүрмөсөн хорь. Градусыг нь багасгах, согтолтын түвшинг нь багасгах гээд л аль болохоор архийг хорихгүй талаас нь яриад байгаа. Энэ бүхнээ больж архийг Монгол Улсын хэмжээнд тас хорих хэрэгтэй. Хор ууна, шагийн архи дэлгэрнэ гэж айцгааж байна уу. Уух дуртай нь уугаад үхдэг юм байгаа биз. Нийгмийн шаар шавхруу болсон архичид хэнд хэрэгтэй юм бэ. Архи уусан хүнээс хэзээ сайн сайхан үйлдэл гарч байсан юм.

Саяхан болсон архины хэлэлцүүлэг дээр “Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний найман сард 3000 орчим бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 269 хэргээр буюу 14.5 хувиар өссөн. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 53.3 хувь согтуугаар үйлдэгдсэн” гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Хүний санаанд оромгүй жигшүүрт хэрэг бүхний цаана архи, нийгмийн шаар шавхруу болсон архичин байдаг. Архидалт араасаа залуу үеийг дагуулж, яг цэрэг халагдаж байгаа юм шиг халаагаа авч буйг судлаач хэлсэн. Энэ бол үндэстний аюул. Арабын ертөнц тэр чигтээ архи уухгүй болоод л байна. Хэрвээ архийг хориглосон орон хэргээ бардаг бол Арабын орнууд дуусах байлаа. Гэвч сүүлийн үед хөгжлөөрөө Дубай, Катар дэлхийд тэргүүлж буйг бид мэднэ. Монгол Улс архинаас бүрмөсөн салж байж л хөгжинө. Өөр арга байхгүй.

Б.БАТБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *