Ховд аймгаас УИХ-д сонгогдсон Ш.Адьшаагийн санаачилгаар “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлэг УИХ-д байгуулагдлаа. Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санал нэгдэж лобби бүлэг байгуулсан талаараа өнөөдөр /2020.08.28/ мэдээлэл хийлээ.
Уг лобби бүлэг нь бүс нутгийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчин тэр дундаа ховор ан амьтан ургамлыг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажпууд хийж эхний ээлжинд аймгийн төв тус бүрд агаарын бохирдлыг өнөөгийн байгаа түвшнээс тодорхой хувиар бууруулахыг гол зорилгоо болгож байна.
Энэ зорилгынхоо хүрээнд Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачилга гарган Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулж УИХ-аар хэлэлцэж байгааг хэллээ. Мөн уг үйлдвэрийг байгуулах асуудлыг хэлэлцүүлж, орон нутгийн түвшинд шийдвэрлүүлэхээр Ховд аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт хүсэлт явуулахаар болжээ.
Аймгийн төвүүдийн хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдлыг бууруулахад утаагүй түлшний үйлдвэрлэл нь анхан шатны үр дүнтэй арга гэдэг нь өнгөрсөн жилийн Улаанбаатарын агаарын бохирдол хэрхэн буурснаас харагдаж байгаа учраас лобби бүлгийн гишүүд санал нэгтэйгээр дэмжиж аж.
Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулах нь бүс нутгийн таван аймгийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад хамгийн боломжтой, газар нутгийн байрлалын хувьд ч, түүхий эдийн хувьд ч, дэд бүтцийн хувьд ч ихээхэн оновчтой гэж үзэж байна.