Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Бархасбадь, Санчир гаригуудын “Их давхцал” хэмээх ховор үзэгдэл тохиолоо

Бархасбадь, Санчир гаригууд өчигдөр дэлхийгээс давхцан харагдаж, олон орны астрономичдын анхаарлын төвд байлаа. Нарны аймгийн хамгийн том хоёр гариг болох Бархасбадь, Санчир хоёр дэлхийтэй нэг шугаманд зэрэгцэх үйл явц 397 жилийн тэртээ тохиолдож байжээ. Зарим эх сурвалжид 800 жилийн тэртээ уг үйл явдал мөн тохиолдож байсныг дурдсан байна. Уг ховор үзэгдлийн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Амарсайханаас тодрууллаа.


-Санчир, Бархасбадь гаригууд нэг шугаманд давхцан харагдаж байгаа үйл явцын тухай тодруулахгүй юу?

-Санчир, Бархасбадь гаригуудын үзэгдлийг “Их давхцал” гэж нэрлээд байгаа юм. 2020 оны астрономийн онцлох үзэгдлүүдийн нэг юм. Яагаад гэвэл энгийн нүдээр харахад энэ гариг хоорондоо давхцаж харагдана гэсэн үг. Уг үзэгдэл 20 жилд нэг удаа болдог. Гэхдээ энэ удаагийнх шиг нь 397 жилийн өмнө болсон байдаг.

-397 жилд нэг удаа тохиолдож байгаа ялгаа нь юу вэ?

-20 жил тутам тохиолддог үзэгдлээс ялгаатай нь гаригууд тойрог замаараа явж байгаад хамгийн бага зайнд ойртож байна гэсэн үг. Ингэж ойртсон үзэгдэл 397 жилийн тэртээ тохиож байсан. Дэлхийгээс харахад хоорондоо давхацсан байдалтай, эсвэл бага зэргийн зайтай харагдана. Энгийн нүдээр хоёр тод од хоорондоо маш ойрхон харагдана гэсэн үг.

-Хэдэн цагийн үед тод үзэгдэх вэ?

-17:01 цагт нар жаргасны дараа тэнгэрийн баруун урд хаяанд үзэгдэж эхлээд 17:30 минутад оргил үедээ хүрнэ. Ингээд 18:00 цагт жаргана гэсэн үг. Энэ бол Улаанбаатар хотоос харагдах байдал юм. Хөдөө орон нутагт 17:30 минут хүртэл үзэгдэнэ. Уг үйл явдалтай холбогдуулж олон улсын судлаачид зураг авалт хийх, одон орон сонирхогчид ажиглаж харах зэргээр сонирхож байна.

-Уг давхцал дэлхий дээр ямар нэгэн нөлөө үзүүлэх үү?

-Нөлөө үзүүлэхгүй. Олон зуун жилийн туршид ганц удаа давтагдаж байгаа сонирхолтой үзэгдэл л гэсэн үг.

Дашрамд сонирхуулахад, дараагийн үзэгдэл 2080 оны гуравдугаар сарын 15-нд тохиох аж. Энэ удаагийн үзэгдэл Энэтхэгт илүү тод харагдсан юм байна. Хоёр гаригийн физик зай ойролцоогоор 735 сая км ойртсон аж. Бархасбадь гариг нарыг 12 жил тутам, Санчир гариг 29.5 жилд нэг удаа бүтэн тойрдог бөгөөд 20 жил тутам гаригууд нэг шугаманд жагсдаг байна.

БАРХАСБАДЬ НАРНЫ АЙМГИЙН ХАМГИЙН ХҮНД ГАРИГ

Бархасбадь гаригийн хамгийн том дөрвөн дагуулыг 1610 онд Галилей нээжээ. Энэ нь хамгийн анхны дэлхийгээс өөр гаригийг тойрч эргэдэг сансрын биетүүд байдгийн баталгаа болсон байдаг. Өнөөдөр Бархасбадь гариг нь дор хаяж 67 дагуул сарта болохыг нээгээд байна. Бархасбадь гариг нь манай нарны аймгийн хамгийн хүнд гариг юм. манай дэлхийгээс ойролцоогоор 318 дахин хүнд масстай. Хэрвээ бид нарны аймгийн бусад бүх гаригийг нэгтгэн Бархасбадьтай харьцуулбал, тэдгээрээс 2.5 дахин хүнд масстай болно.

САНЧИР ГАРИГ ДЭЭР 1800 КМ/ЦАГ ХУРДТАЙ САЛХИЛДАГ

Санчир нь манай нарны аймгийн зургаа дахь гариг бөгөөд хэмжээгээрээ Бархасбадь гаригийн дараа буюу хоёрт орно. Санчир гариг нь Бархасбадь, Дэлхий ван, Далайван гаригуудын адилаар хийнээс тогтсон гариг юм. Санчир гариг нь гадаад бүлгийн гаригууд буюу Бархасбадь бүлгийн гариг гэсэн ангилалд хамаарна. Санчир гариг нь үндсэндээ устөрөгчөөс бүрдсэн. мөн гели, метан, аммиак багахан хувийг эзэлнэ.

Санчир гаригийн цөм нь төмөр, никелиэс тогтсон. Санчир гаригийг гаднаас нь харахад тайван мэт харагддаг ч үнэндээ тийм биш. Санчир гариг дээр салхины хурд 1800 км/цаг хүрэх тохиолдол бий. Санчир гаригийн нэгэн гайхамшиг бол түүний цагираг нь бөгөөд чулуу, тоос, төмөр зэргээс тогтдог байна. Санчир гаригийг тойроод одоогийн байдлаар 62 дагуул байна. Тэдгээрээс хамгийн том нь Титан юм.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *