Categories
мэдээ нийгэм

Барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхлэгчдийг сургаж сертификат олгоно гэв

Барьцаалан зээлдүүдэх үйлчилгээний MNS 5274 стандарт энэ оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ нь 2003 онд анх батлагдсан бөгөөд зөвлөмжийн стандарт буюу заавал мөрдөх шаардлагагүй байсан юм. Энэ жилээс энэхүү стандартын нормативыг заавал мөрдөх боллоо.

Энэхүү стандартыг шинэчлэх ажлыг анх Нийслэлийн цагдаагийн газраас санаачилсан аж. Ажлын хэсэг нэг жил орчим судалгаа хийж өнгөрөгч оны аравдугаар сарын 19-нд батласан байна. MNS 5274:2017 стандарт нь барьцаалан зээлдэх үйлчилгээнд тавих шаардлагыг тодорхойлж байгаа бөгөөд хяналт тавих үндэслэл болж байгаа юм.

Барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хангах холбооны тэргүүн Д.Ууганбаяраас энэ талаар торууллаа.

-Энэхүү стандартыг дэмжиж байгаа. Гэхдээ энэ дээр байгаа хоёр заалтыг дэмжихгүй байна. Нэгдүгээрт үйлчилгээний газрын ажлын байр 20 м2-аас доошгүй талбайтай байна гэсэн заалт нь барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхлэгчдэд эрх зүйн дарамт болж байгаа. Өмнө нь 8 м2 байсан. Ядаж 12-15 м2 болгохыг гэж хүсэж байна. Энэ заалт нь Ломбард эрхлэгчдэд санхүүгийн хүнд дарамт болно.

Хоёрдугаарт “Үйлчилгээний газар нь татварын нэгдсэн сүлжээнд кассын хэвлэх машин төхөөрөмжтэй холбогдсон байна” гэх заалт. Нэмүүн өртөгийн албан татварын тухай хууль дээр зээл болон зээлтэй холбогдолтой үйлчилгээ чөлөөлөгдсөн байдаг. Мөн нэмүүн өртөгийн албан татвар төлөх аж ахуй нэгжийн орлого арван саяаас доошоо бол төлөхгүй. 10-50 сая бол сайн дурын үйл ажиллагаа буюу төлөхгүй байсан ч болдог. Энэхүү стандартын төсөл дээр 8,16 гэсэн заалт татварын тухай хуулиа зөрчсөн болж байгаа юм.

-Нийгэмд бас нэг зүйл гарч байна. Барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхлэгчид гэмт хэргийн шинжтэй зүйлийг авч байна гэх. Энэ салбар нь иргэдийн яаралтай эдийн засгийг шийдэж түргэн тусламжийн үйлчилгээг өгдөг салбар. Тиймээс энэ салбарт тогтолцоо байхгүй учир хяналт задгай байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд өөрсдөөсөө эхэлж байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг эрхлэхэд заавал мэргэжлийн сертификаттай байх ёстой гэж заасан. Бид барьцаалан зээлэх үйлчилгээ эрхлэгчдийг 5, 10 хоногийн сургалтанд сургаад мэргэшүүлнэ. Зээлдүүлэгчдэд нэг удаагийн сургалт хийлээ гэхэд мэдээлэл авахаасаа илүү төөрөгдөлд ордог.

-Зээлдэгчид мэдэгдэлгүй барьцаалсан эд зүйлийг нь худалдаалах тохиолдол байдаг?

-Өмнө нь тиймэрхүү газрууд мэр сэр байсан. Гэхдээ 100 хувь тийм биш. Гэрээний эрх зүйн нийтлэг шаардлагад бичсэн (Зээлдүүлэгч нь гэрээнд заасан үүргийн хугацаа дуусмагц энэ тухай анхааруулан мэдэгдэх) гэв.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *