Categories
мэдээ нийгэм

Баримт бичиггүй 87.6 кг эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг завджээ

2019 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чежү-Улаанбаатарын чиглэлийн ОМ7310 нислэгээр Монгол Улсын иргэн Х дагалдах баримт бичиггүй хоёр нэрийн 87.6 кг эрүүл мэндийн бүтээгдэхүүн авч явсныг Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн саатууллаа. Зөрчлийн хэрэг үүсгэн, хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.

Тусгай зөвшөөрөлгүй байгууллага, иргэн улсын бүртгэлд бүртгэгдээгүй биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулан, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.3 дахь заалтыг баримтлан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр буцаах мэдэгдэл өгч ажиллах гэсэн чиглэлийг баримталдаг байна.

Биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  • Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл /тухайн зөвшөөрөл нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх гэсэн үйл ажиллагааны чиглэл/-тэй байна.
  • Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22.1 дэх заалтад заасан биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эрх бүхий төрийн байгууллагаас баталгаажуулсан эмийн улсын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээтэй байна.
  • Биологийн идэвхт бүтээгдэхүүний чанарын сертификат;
  • Үйлдвэрийн зохистой дадлын дүрэм хэрэгжүүлсэн сертификат болох GMP, олон улсын зохистой дадлын дүрэм ISO, HACCP сертификат;
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай, экспортлогч нь худалдан авагч байгууллагатай худалдааны гэрээ байгуулсан байна.

Дээрх баримт бичгийг үндэслэн биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт хийж улсын хилээр нэвтрүүлэх мэдэгдэл олгодог байна.

Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө, дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зөрчил гаргасан этгээдийн зардлаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн бүсээс буцаана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *