Орчин үеийн барилгын салбар үүсч, хөгжсөний 89 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр барилгын салбарынхан шилдгүүддээ шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсон юм. Салбартаа олон жил ажилласан, шилдэг ажилтан, аж ахуйн нэгж байгууллагыг шагнав. Тухайлбал, шилдэг болон тэргүүний барилгачнаар Ч.Мөнхтуяа, Ш.Долгоржав, В.Жаргалсайхан, Б.Баттулга тэргүүтэй хүмүүсийг шагнасан юм.
Энэ үеэр Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа “Орчин үеийн барилгын салбар үүсч хөгжсөнөөр олон дэвшилтэт үр дүн гарлаа. Салбарын хөгжлийг хангахын тулд гол нь ажилчдынхаа тогтвор, суурьшилтай ажиллах, мэргэших нөхцөлийг хангах нь чухал. Дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал нэн тэргүүнд тавигдана. Сүүлийн таван жилд л гэхэд барилгын салбарын осол, аваар хоёр дахин буурсан. Энэ нь салбарт барьж буй бодлогын үр дүн гэж үзэж болно. Барилгын тухай хуулийг батлуулахаар УИХ-д өргөн барьсан. Энэ хуульд ч гэсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг тодорхой зааж өгсөн” гэв.