Categories
мэдээ нийгэм

“Барилгын хэмнэлтийн хурдасгуур” хөтөлбөр хэрэгжих 8 хотын нэгээр Улаанбаатар шалгарчээ

НҮБ-ын “Тогтвортой эрчим хүчийг бүгдэд” (SEforALL) санаачилгын хүрээнд хэрэгжиж байгаа “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” (BEA) хөтөлбөр нь барилгын салбар дахь эрчим хүчийг 2030 он гэхэд 2 дахин хэмнэх зорилготой бөгөөд эрчим хүчний өртөг зардлыг бууруулах, зах зээлийн шинэ боломжийг бий болгох зэргээр нутгийн захиргааны байгууллагуудыг дэмжиж ажилладаг механизм юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд 2018-2019 онд дэлхийн хотуудаас наймыг сонгож техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болсны нэгээр Улаанбаатар хот шалгарсан тул Нийслэлийн Байгаль орчны газар, Дэлхийн нөөцийн хүрээлэн (WRI), Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн захиргааны байгууллагуудын зөвлөл (ICLEI) болон Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн байгууллага (GGGI)-тай хамтран нийслэл хотын барилгын эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлж байна.

Хөтөлбөрийн зорилго нь төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон орон сууцны барилгын эрчим хүчний хэмнэлт, дулаан техникийн шинэчлэлийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүжилтийн механизм, эрчим хүчний үнэ тариф, орон сууц эзэмшигчдийн оролцоо зэрэг тулгамдаж буй асуудал болон оролцогч талуудын үүрэг хариуцлага, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах явдал юм.

Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний алдагдлыг бууруулах, хэмнэлт, үр ашгийг сайжруулах чиглэлээр томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод барилгын дулаан алдагдлыг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 40 хувь тус тус бууруулахаар тусгасан. Мөн Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Парисын гэрээг хэрэгжүүлэхэд оруулах хувь нэмэр (INDC) зэрэг бодлогын бичиг баримтуудад ч барилгын дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт хийснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтуудыг тавьсан.

“Барилгын хэмнэлтийн хурдасгуур” хөтөлбөрийн нэгдүгээр шатанд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, Нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар жишиг орон сууцнуудад эрчим хүчний аудит хийснээр эрчим хүчний хэмнэлт хийх боломжуудыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын зардлыг тооцох боломж бүрдээд байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *