-ХӨДӨЛМӨР, АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА ХАНГААГҮЙГЭЭС ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ-
Хан-Уул дүүргийн III хорооны нутагт баригдаж буй “River stone-2”
хотхоны барилга дээр ажиллаж байсан гурван залуу уржигдар ослоор амиа алджээ. Тодруулбал,
арван давхар барилгын наймдугаар давхарт гадна талын өнгөлгөөг хийж байсан гурван
ажилчны дүүжин хавтангийн тросс тасарчээ. Өндрөөс унасан гурван ажилчны хоёр нь
ослын газарт амиа алдсан байна. Нөгөө хохирогч нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан
аж. Талийгаачид 17-23 насны залуус бөгөөд их сургуульд сурдаг оюутнууд байжээ.
“River stone-2” хотхоныг “Девелопмент” компани бариулж байгаа аж.
Тус компани нь 2009 оноос “Шунхлай” группын харьяа барилга угсралт, шинэчлэлийн
төслүүдийг хариуцан ажиллаж эхэлжээ. Улмаар 2011 оноос бие даан үйл ажиллагаа явуулж
эхэлсэн байна. “River stone-2” хотхоны барилга угсралтын ажлыг “Девелопмент” компанийн
захиалгаар “Чанамон” компани гүйцэтгэж байжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
барилгад шалгалт хийж өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдөр барилга угсралтын ажлыг
зогсоох шийдвэр гаргаж байжээ. Учир нь тус барилгын ажлыг батлагдсан зураг төсөлгүй
гүйцэтгэж байсан аж. Мөн барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй
гүйцэтгэж байжээ. Тиймээс зөрчлийг арилгатал үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг
гаргаж байжээ. Гэтэл захиалагч компани гүйцэтгэгчээ солин үйл ажиллагаагаа үргэлжлүүлж
байгаад дээрх ослыг гаргажээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг компанийг
хөдөлмөр хамгааллын наад захын шаардлага хангаагүйгээс осол гарсан гэсэн урьдчилсан
дүгнэлт гаргасан байна. Осол гарах үед гүйцэтгэгч компаниар “Boby construction”
компани ажиллаж байсныг “Девелопмент” компанийн Эрсдлийн удирдлага хариуцсан мэргэжилтэн
Э.Сүнжидмаа мэдэгдсэн юм. Тэрбээр “Манайх захиалагч компани. Гүйцэтгэгч компанид
ийм харамсалтай хэрэг гарчээ. Бидний хувьд захиалагчийнхаа зүгээс авах арга хэмжээг
авч осол гарсан даруйд барилгын ажлыг зогсоосон. Мөн холбогдох байгууллагуудад хандсан
байгаа. Одоо ослын талаарх дүгнэлт гарахыг хүлээж байна” гэсэн юм. Тус компани барилгын
ажлыг зогсоосон гэж байсан ч өчигдөр барилгын ажилчид ажилдаа ирсэн талаар хохирогчийн
ар гэрийнхэн ярьж байсан. Мөн гүйцэтгэгчээр ажиллаж байсан өөр нэгэн компанийнхан
ажлаа хийхээр ирээд осол болсныг дуулаад явсан гэнэ.
“ТАЛИЙГААЧИЙГ ЯМАР КОМПАНИД
АЖИЛЛАЖ БАЙСНЫГ Ч МЭДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА”
Талийгаач О-ийн ар гэрийнхэн “River stone-2” хотхоны барилгын талбай
дээр өчигдөр ирсэн байв. Осол болсон газарт буян үйлдэхээр ирсэн тэд сэтгүүлчдийн
асуултад ийн хариулсан юм.
-Хохирогч
энэ барилга дээр удаан ажиллаж байгаа юу?
-Талийгаач Их засаг олон улсын их сургуулийн дөрөвдүгээр курсэд сурдаг
байсан юм. Хичээл нь эхлэх болоогүй байгаа учраас сургалтын төлбөртөө нэмэр болох
гэж барилгын компанид туслах ажилчнаар орлоо гэсэн. Есдүгээр сарын 5-ны өдөр энд
ажилд орсон юм билээ. Ажилд орсны маргааш нь энэ компанийнхан амарчээ. 7-нд нь ажлаа
хийж байгаад 12.00 цагийн орчимд осолдсон бололтой юм.
-Ар
гэрийнхэнд нь ослын талаар хэзээ мэдэгдсэн бэ?
-Талийгаач хоёр ахтай. Барилгын компаниас ах руу нь 13.30 цагийн
орчимд холбоо барьж осол болсон талаар хэлсэн. Биднийг эмнэлэгт очиход нас барчихсан
байсан. Уг нь дүү минь Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэгдэж байхдаа
ухаантай байсан юм билээ. “Миний ахын утасны дугаар” гээд эмчид утасны дугаар хүртэл
хэлсэн гэсэн. Хэрвээ бидэнд цаг алдалгүй мэдэгдсэн бол амьд байхад нь уулзах боломж
байсан. Хугацаа алдаж хэл хүргэсэнд гомдолтой байна.
-Хөдөлмөр
хамгааллын наад захын шаардлага хангаж ажиллаагүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан
байна.
-Барилга, хот байгуулалтын сайдад дуулгамаар байна. Энэ компанид
яагаад хөдөлмөр хамгааллын ажилтан ажиллуулаагүйг асуумаар байна. Тэр өдөр хөдөлмөр
хамгааллын ажилтан лав байгаагүй гэж сонслоо. Би талийгаачийг ямар компанид ажиллаж
байсныг ч мэдэж чадаагүй байна. Ослын талаар хариуцсан байгууллагууд нь мэдсэн юм
уу. Өнөөдөр лав энд ажилладаг хүмүүс юу ч мэдээгүй ажлаа хийхээр ирж байна шүү дээ
гэв.
Ц.ӨРНӨХ