Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс барилгын салбарын үйл ажиллагаа, Барилгачдын баяр, түүхт 93 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Хуралд Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Барилга.мн ХХК-ийн ерөнхий захирал Г.Батсүх, БХБЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Батзориг нар оролцлоо.
“Монголын барилгачдын өдөр” ёслолын арга хэмжээ есдүгээр сарын 6-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болох бөгөөд Барилгын салбарын 2019 оны шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа, Салбарын шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудын тугийг Барилгачдын талбайд залах ёслол болно.
Түүнчлэн Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын танилцуулга, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдана. Нээлттэй хаалганы өдөрлөг есдүгээр сарын 6-ны 10 цагаас 17 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд, олон нийт барилгын салбартай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой. Өдөрлөгт Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Барилгын хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Барилгын салбарын ТББ, мэргэжлийн холбоод, Барилгын компаниуд оролцоно.
Мөн барилгачдын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан “Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе” уриан дор “Барилга орон сууц-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг есдүгээр сарын 06-наас 08-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, орон сууц борлуулагч, барилгын материалын худалдаа эрхлэгчид, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгч, барилгын компаниуд зэрэг гадаад, дотоодын 110 гаруй шилдэг, ААН, байгууллага оролцож, үйл ажиллагаагаа танилцуулна.