Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/177 дугаар захирамжийн дагуу Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 4-ний хооронд 112 барилгын талбайд барилгын түр хашаа, хамгаалалтын торыг норм, стандартад нийцүүлэх, орчны аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийлээ.
Шалгалтаар барилгын түр хашааны шаардлага хангаагүй, орчны аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй 44 барилгын захиалагч иргэн, аж ахуй нэгжид Нийслэлийн Ерөнхий архитекторын зөрчил арилгах тухай шаардах хуудсыг хүргүүлсэн. Үүнээс 14 барилгын захиалагч иргэн, аж ахуй нэгжээс зөрчлөө арилгасан тухай тайлбар ирүүлээд байна.
Мөн барилга угсралтын ажил хийгдэж дуусалгүй удаан хугацаагаар зогссон, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хотын төвд байрлалтай 10 барилгад Барилгын тухай хуульд заасан хамгаалалтын горимд шилжүүлэх, барилгын түр хашаа, саравчийг стандартын дагуу хийх, төсөл хэрэгжих хугацаа, төлөвлөгөөг ирүүлж орчны аюулгүй байдлыг хангуулах тухай зөвлөмжийг албан бичгээр хүргүүллээ. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ холбогдох хууль, норм, дүрмийг мөрдөн, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна.
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР