Categories
гадаад мэдээ

Барак Обама терроризмийн эсрэг нэгдмэл үзэлтэй байхыг ард түмэндээ уриаллаа

Өнөөдрөөс яг 15 жилийн өмнө
Нью-Йорк хотын санхүүгийн хүч чадлын билэгдэл болсон ихэр цамхагт иргэний
агаарын тээврийн хоёр онгоц довтолж 2,750 гаруй хүний амийг сүйтгэсэн эмгэнэлт
хэрэг гарсан билээ.

Уг түүхэн өдөртэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Бямба гарагт
мэдэгдэл хийжээ.

Түүний хэлсэн үгийн гол агуулга нь Америкчуудыг терроризмийн эсрэг нэгдмэл
үзэл санаа, байр суурьтай байхыг уриалсан явдал байв.

Обама “Терроризмтай нүүр тулах үед бид хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь
хамгийн чухал” гээд “Манай улсыг хүчирхэг болгодог нэг хүчин зүйл нь арьс өнгө,
үндэс угсаа, хүйс, сүсэг бишрэлээс нь үл хамааран бүгдэнтэй ижил тэгш харьцдаг,
авьяас чадалтай бүхнийг урин залдаг соёл. Энэ нь бидний оршин тогтнолын үндэс
юм. Хэрвээ бид энэ үнэт зүйлдээ үнэнч үлдэж чадвал манай үндэстэн хүчтэй, эрх
чөлөөтэй хэвээр байна” гэж хэлсэн байна.

Түүний хэлсэн үг сүүлийн үед Дональд Трампын идэвхтэй ухуулах болсон
Муслимуудыг Америкт оруулахгүй байх, Мексикийн хил дагуу ханан хэрэм босгох
зэрэг үндэс угсаа, шашин соёлоор нь ялгаварлах үзэл санааг шүүмжилсэн
агуулгатай байлаа.

Аль Каида байгууллагын 2001 оны есдүгээр сарын 11-нд зохион байгуулсан
халдлага нь АНУ-ын 200 орчим жилийн түүхэнд анх удаа нутаг дэвсгэрт нь
гадаадаас довтолсон хэрэг болж Америкчуудыг өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа
терроризмийн эсрэг дайнд татан оруулсан юм.

Халдлагын улмаас 2,750 орчим хүний амь үрэгдсэнээс 1,640-ийнх нь цогцсыг
таньж чадсан байна.

Мөн 75,000 орчим хүн сэтгэл зүйн болон бие махбодын эмгэгтэй болж үлдсэн
гэсэн тоо бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *