Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2022 оны зургадугаар сарын 30-аас өмнө банкны системд нөлөө бүхий арилжааны таван том банкийг /Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн банк/ олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болгохоор хуульчилсан.
Энэ хүрээнд банкууд хувьцаагаа олон нийтэд арилжаалах бэлтгэл ажилдаа ороод байв. Монголын хөрөнгийн биржээс ч банкуудын IPO-г зохион байгуулах бэлтгэл ажил, системийн найдвартай байдлыг хангаж байв.
Гэтэл ОУВС-аас Монголын банкуудын IPO гаргах үйл ажиллагааг түр хойшлуулах шаардлагатайг анхааруулсан. Учир нь, IPO гаргах банкуудын активт үнэлгээ хийж, зохистой харьцааны үзүүлэлтийг дахин шалгах шаардлагатай гэж үзжээ.
Энэ хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд Монголбанкнаас банкуудын IPO гаргах хугацааг 2023 оны зургадугаар сарын 30 хүртэл нэг жилээр хойшлуулах санал гаргажээ.