Categories
мэдээ улс-төр

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна

Image result for УИХ-ын чуулганУИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Төв банк /Монгол банк/-ны тухай болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэнэ гэдгийг хуралдаан даргалагч танилцуулсан юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ярихдаа “Өнгөрсөн онд УИХ 269 хууль баталжээ. Үүнээс эхний хагас жилд 222 хуулийг баталсан бол 47 хуулийг үлдсэн хагаст нь баталсан байна. Энэ нь УИХ өнгөрсөн оны үлдсэн хагас жилд зөвхөн томилгоо хэлэлцсэн байна гэсэн үг. Иймд УИХ улс оронд хэрэгтэй хууль тогтоомжийг батлах шаардлагатай. Ирэх он жилүүдэд хоёр хөрштэйгөө хамтарч ажиллаж, эдийн засгийн коридорыг ажил хэрэг болгох хэрэгтэй. Том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Эдийн засгийн коридорын асуудлаар би өнөөдөр Ерөнхий сайдад асуулга хүргүүлнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ татвар нэмсэн асуудлыг УИХ-ын дарга анхааралдаа авах хэрэгтэй гэхэд УИХ-ын дарга М.Энхболд татварын нэмэгдлийн асуудлаар Сангийн сайд болон бусад албан тушаалтнуудтай уулзаж ярилцсан гэсэн юм. Үүгээр чуулганы хуралдаан эхэлж, Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад дагалдах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Төв банкны тухай хуульд тус банкны Ерөнхийлөгчийн гаргасан тушаал нууц гээд оруулаад өгчихсөн байсан. Ингээд тус банкны Ерөнхийлөгч нь гадныханд үйлчилсэн. Монгол төгрөгөө унагаж, гадны хөрөнгө оруулалттай компаниудад тусалсан. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулахдаа Төв банкны Ерөнхийлөгчийн дураараа гаргадаг шийдвэрийг хэрхэн хязгаарлаж өгсөн бэ? Бүх шийдвэрээ нууц гэж хуулиар хамгаалуулаад, өөрийнхөө хоёр найзад байр өгсөн байсан” гэсэнд ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир “Мөнгөний бодлогыг жил бүр УИХ баталдаг асуудал хэвээрээ байгаа. Дээрээс нь санхүүгийн зах зээлийн байдлыг тайлагнадаг нь хэвээрээ. УИХ Монголбанкийг хянадаг нь мөн хэвээрээ байгаа. Хариуцлагын хувьд өмнө нь байсан хамгаалалтыг авсан. Монголбанкны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч адилхан хариуцлага эдэлнэ” гэсэн хариултыг өглөө.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Одоогийн удирдлага ажил хүлээж аваад жил гарантай болж байна. Шинэ удирдлага гайгүй ажиллаж, зарим ахиц гаргасанд талархах ёстой. Валютын нөөц 3 тэрбум ам.доллар, алт 20 тонн, олон жил алдагдалтай ажилласан Монголбанк том үр дүнтэй ажилласан. Та бүхэн энэ эрч хүчээ алдалгүй ажиллавал эдийн засагт гайгүй нөлөө үзүүлэх байх. Монголбанк аж ахуйн нэгжүүдэд 6 хувийн хүүтэй зээл олгодог байсан. Монголбанк сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн үйл ажиллагаа явуулдаг тал анзаарагддаг. Үүнийг таслан зогсоох заалт орсон уу” гэж асуусан юм.

Ажлын хэсгийн ахлагчийн зүгээс “Монголбанкин дээр өмнө нь олгогдож байсан төслөөр аж ахуй нэгжид зээл олгодог байсныг хаасан. Одоо Засгийн газарт, арилжааны банкинд л зээл олгоно. Хориглосон заалтыг зүйл ангиар нь заасан” гэж тодотгосон бол Монгол банкны Ерөнхийлөгч “Өнгөрсөн жилүүдэд арилжааны банкуудыг дампууруулахгүйн тулд 600 гаруй тэрбум төгрөгийг гаргасан байдаг юм. Алдагдлыг зөвхөн татвар төлөгчдөд үүрүүлэхгүйн үүднээс шинэ механизм гарч ирж байгаа. Энэ нь Тогтворжуулалтын сан юм. Энэ хууль батлагдсанаар банкны салбарт шинэчлэл гарна” гэсэн хариулт өгч байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *