УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс хууль санаачлан банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай яригдаж байна. Энэ бол банкны хүүг захиргаадаж буулгах гэсэн хэрэг. Сонсоход сайхан л юм, ард түмний төлөө юм шиг. Иргэн бүр банкнаас бага хүүтэй зээл авчих юм шиг. Банк, санхүүгийн ийм том шийдвэрт тодорхой судалгаатай, тооцоотой, шинжлэх ухаанч байр сууринаас ханддаг олон улсын жишиг бий. Хиймлээр, хийрхлээр, популист маягаар хүүг буулгах нь хүссэн үр дүнд хүрдэггүйг эдийн засгийн шинжлэх ухаан хэдүйн баталчихсан юм. Ийм оролдлогууд бүтэлтэй юм болохгүйг судлаачид ярьсаар байна. Тухайлбал, СЭЗИС-ийн багш Б.Батсүх “Үүнийг эдийн засагт “үнийн тааз” тогтоох үйлдэл гэдэг юм. Ингэснээр зээлийн хүү буурч, эрэлт ихсэх ба энэ хүүгийн түвшинд хийгдэх зээлийн нийлүүлэлт багасч, зах зээл дээр “зээлийн хомсдол” үүсдэг. Зээлийн зах зээлийн хомсдол нь банкны системийн гадуур “илүү өндөр хүүтэй” өөр нэг далд зээлийн бизнес хөгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлэх болно. Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагын хүү банкнаас даруй хоёр дахин шахуу ихээр тогтоохоор тусгасан нь банкны бизнес наад зах нь энэ төрөл рүү шилжих болно. Эсвэл хадгаламж зээлийн хоршооны төрөл рүү шилжинэ. Энэ тохиолдолд жижиг аж ахуйн нэгж, иргэд илүү өндөр хүүтэй зээлийн зах зээлээс санхүүжилт олох шаардлагатай тулгарна. Нөгөө талаас өндөр хүүтэй хадгаламж татсан арилжааны банкууд үйл ажиллагаа явуулах орон зай хумигдана” гэж дүгнэжээ.
Харин “Ард кредит” ББСБ-ын захирал Ч.Ганзориг “Монгол Улсын зээлжих зэрэглэл юуны өмнө сайжрах хэрэгтэй. Төсвийн хяналтгүй зарцуулалтыг хазаарлаж, хяналт, сахилга батыг сайжруулж, татварын мөнгөний зарцуулалтыг хариуцлагажуулах хэрэгтэй. Тэгвэл Монголбанк бодлогын хүүгээ бууруулна, төгрөгийн ханш тогтвортой болно. Монгол Улсын эрсдлийн түвшин буурна. Тэгсэн цагт санхүүгийн байгууллагууд зах зээлийн жамаараа хүүгээ бууруулах нь тодорхой. Дээрээс нь Засгийн газрын бонд нэрээр 15 хувийн эх үүсвэрийг татаж авдгаа хязгаарлаж байж, тэр мөнгө банкнаас хувийн хэвшлийн бизнест очих боломж бүрдэнэ. Ийм тогтворгүй эдийн засагт, төгрөгийн ханш нь хэдхэн жилийн дотор 50-60 хувь унаж байхад зээлийн хүү өдий зэрэгтэй байгаа нь их юм гэж бодож байгаа. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хууль гараад эхэндээ олон хүн алга ташиж, улс төрчид мундаг зүйл хийсэн гэж ярих байх. Дунд болон урт хугацаандаа энэ нь харин эсрэг үр дүнд хүрч, нийгэм, эдийн засагт нөхөж баршгүй гарз хохирол авчирна. Хууль бус зээл өгдөг хүмүүс маш ихээр гарч ирнэ. Санхүүгийн салбарт авлига хээл хахууль нүүрлэх эрсдэлтэй” гэж үзсэн байна.
Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд “Зээлийн хүүд хязгаар тогтооно гэдэг нь хадгаламжийн хүүд хязгаар тогтоохтой адилхан. Банкны хөрөнгийн 90 хувь нь иргэд, компани, төр засгийн хадгаламжаас бүрддэг. Иргэд, компаниуд хүүгийн орлого олох гэж банкинд мөнгөө хадгалуулдаг. Хүүгээс олох орлого нь багасахаар мөнгөн хөрөнгөө банкнаас эргүүлж татах үзэгдэл газар авна. Банкнаас татсан мөнгөн хөрөнгө сүүдрийн эдийн засгаар эргэлдэх, татвараас зайлсхийх, үүний улмаас төсвийн болон татварын орлого буурах, зээлийн үйлчилгээ хумигдах үзэгдэл гарна. Нөгөөтэйгүүр банкны зардал нэмэгдээд ашиг буурч байгаа учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол буурна. Тэгэхээр банкны салбараа татаж унагана гэсэн үг л дээ. Зээлийн олдоц нэмэгдэх биш эсрэгээрээ саарах, хумигдах, мөнгөний эргэлт хяналтаас гадуур гарах үзэгдлийг хөөрөгдөх аюултай гэж харж байгаа” гэсэн байна.
Эдийн засагчид ингэж л дүгнэж байна. Тэгэхээр яах ёстой юм бэ. Монгол Улс баялаг бүтээх л ёстой, бүтээгч орон, үйлдвэрлэгч орон болох ёстой. Дээр нь үйлчилгээний салбаруудаа, аялал жуулчлалын салбараа онцгой сэргээх ёстой. Ер нь бол монголчууд бид залхуу хойрго байдлаасаа салж хөдөлмөрлөх, хөдөлмөр нь үр дүнтэй, үр шимтэй баймаар байна. Ерөөсөө хийж бүтээсний хэрээр худалдаа, арилжааг гадаад дотоодгүй, өөд уруугүй хийж байж эдийн засаг сэргэнэ. Ингэж чадвал үр дүнд нь мөнгө бий болно. Үйлдвэрлэл хөгжиж гэмээнэ зарах зүйл маань их болно биз дээ. Зарж чадаж байхад мөнгө өөрөө бий болох ийм логикоор л манай нийгэм явах ёстой. Мөнгө мэдээж банкаар л дамжина. Мөнгө ихтэй банкны зээлийн хүү хар аяндаа өөрөө буудаг зах зээлийн хууль байна. Банк, санхүүгийн салбар багтаж ядсан мөнгөтэй болсон үедээ мөнгөө хадгалаад, хав дараад байна гэсэн ойлголт байхгүй шууд зээл өгдөг. Мөнгөтэй банкнаас гарах зээлийн урсгал их болохоор бага хүүтэй зээл олгох уралдаан болдог нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишээ шүү дээ. Банкны хүү ингэж л буудаг зах зээлийн хуультай юм. Тэрнээс төр засгаас нь захиргаадалтаар хүүг буулгах нь социалист нийгэмд байсан зүйл.
Өөр нэг арга нь төр засгийн зүгээс төсвөө алдагдалгүй батлах ёстой. Ирэх онд гэхэд манай улсын төсвийн алдагдал 2.4 их наяд байхаар байна. Энэ алдагдлаа төр заавал нөхдөг. Яаж гэхээр Засгийн газрын бонд гаргаж банкнаас өндөр хүүтэй зээл авах замаар нөхдөг юм. Энэ нь эцэстээ хэдэн том дарга, төсвийн захирагч нарын хэрэгцээ, тансаглалд зарцуулагддаг учраас хариуцлагыг чангаруулах ёстой. Эдний “идэж уух”-ыг нөхөхөд өндөр хүүтэй бонд зараад байхаар банкны зээлийн хүү яаж буурах юм бэ. Сая гэхэд дарга нарын унах машинд дөрвөн тэрбум, албан тасалгааных нь тавилгын зардалд 2.3 тэрбумыг төсөвлөсөн байна лээ шүү дээ.
Улсын төсөв ийм эрүүл бус байхад зээлийн хүүг одоо хууль гаргаад бууруулчихвал зээл дунджуудад огтхон ч падлийгүй болж, томчууд нь баталгаа гаргаад хамчих нь гэдгийг дээрх мэргэжилтнүүд тодорхой хэллээ. Нийгмийн дундаж, доод давхаргынхан банкны нөхцөлийг хангаж чадахгүй учраас зээл олдохгүй нь тодорхой юм.
Бас нэг санаа зовоох зүйл бол банкны хүү буурахаар хадгаламжид буй их мөнгө хөрөнгө нь бирж рүү орно гэж эдийн засагчид бас болгоомжилж байгаа юм. Хөрөнгийн бирж бол нэг талаасаа маш эрсдэлтэй. Ялангуяа манайх шиг буурай хөгжилтэй улс орны хувьд хэн нэгэн IPO хийж байна хэмээн их хэмжээний мөнгө цуглуулж аваад гадагшаа зугтаачихдаг нь олон улсын практикт байдаг луйвар юм.
Ийм олон эрсдлүүд байхад банкны зээлийн хүүг хуулиар, хүчээр буулгана гэж буй эрх баригчдын энэ үйлдэл нь Монголын эдийн засгийг рахиттай хүүхэд шиг болгоно гэсэн үг. Рахит гэж ямар айхавтар өвчин байдгийг монголчууд мэднэ. Яс нь сийрэгжиж, толгой нь томдож, ямар ч дархлаагүй, сул дорой, өрөвдөм бие хаатай хүүхдийг хэлдэг шүү дээ. Эдийн засгаа, банк санхүүгийн салбараа ийм л өрөвдөм байдалд оруулах гээгүй юм бол банкны зээлийн хүүгийн хувь хэмжээнд хуулиар дээд хязгаар тогтооно гэж тэнэгтэхээ боль. Өнөөдөр Монгол Улсын төсөв ДНБ-нийхээ 40 гаруй хувийг эзэлж байгаа. Иргэд нь эдийн засгийн эрх чөлөөгүй байна. Улсын төсөв нь ДНБ-нийхээ тал хувийг сорж, тэр мөнгөө Засгийн газрын зүгээс бонд гарган угааж ирлээ. Эцэстээ энэ бүхэн эрүүл голдрилдоо орж байж л банкны хүү зах зээлийн жамаараа буурахаас биш аль нэг улс төрийн намын санаачилсан хуулиар банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоохгүй. Энэ хуулийг санаачлагчид бол зах зээлийн эдийн засгийн талаар анхны ойлголт ч байхгүй яваа хүмүүс байна.
Б.НЯМАА