Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сан хамтран 25 дахь жилдээ NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадмыг 12-р сарын 30-ны өдөр Шангри Ла Улаанбаатар зочид буудлын ёслол хүндэтгэлийн Их танхимд зохион байгуулах гэж байна.
Тус наадамд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 1–15-ны өдөр хүртэл явагджээ. Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”-ийн Топ залуу, Шилжилтийн 25 жилийн “Эдийн засаг, бизнес”-ийн Топ залуу, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г шалгаруулах энэ жилийн NEXT STOP наадамд 1000 гаруй хүн нэр дэвшжээ.
2017 оны “Бүтээгч улс төрч залуу”-д Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Ж.Энхбаяр, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Сангийн дэд сайд Х.Булгантуяа зэрэг эрхмүүд нэр дэвшжээ. Түүнчлэн тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг “Бүтээгч улс төрч залуу”-д “бандааш” хочит УИХ-ын гишүүн Д.Гантулгын нэр ч явна. Түүнийг хүчингийн хэрэгт нэр холбогдсон дуулиан шуугианаас өөр юу бүтээснийг олон нийт дуулж сонсоогүй яваа. Юутай ч энэхүү номинацийг Н.Учрал гишүүн 211 саналаар тэргүүлж, Д.Гантулга гишүүн 16 санал авсан харагдана.