Categories
мэдээ спорт үндэсний-бөx

Бахархлын өдрийн барилдаанд бахтай барилдаж түрүүлэх хүчтэн хэн бэ

Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан хүчит бөхийн барилдааныг 2012 оноос эхлэн Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж эхэлсэн байдаг.

Эхний жил 256 хүчтэн барилдахад тухайн үеийн улсын арслан Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс нартай улсын заан Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж нар үлдэж дүү цолтнууд нь түрүү булаалцахад Чимэдрэгзэнгийн Санжаадамба илүүрхэж байсан түүхтэй.

2013 онд ч Ч.Санжаадамбыг хазайлгах хүчтэн олдсонгүй. Тэрбээр улсын аварга Сүхбаатарын Мөнхбаттай үлдэж хоёр дахь түрүүгээ булааж байсныг бөх сонирхогчид санаж байгаа байх. Энэ оноос эхэлж чансаа өндөр 128 хүчтэнг барилдуулж эхэлсэн.

2014 онд “Увс нуур”-ын хүчтэнүүд одтой наадаж Өлзийтогтохын Бат-Орших улсын харцага цолтойдоо өмнөх жилийн үзүүр бөх улсын аварга С.Мөнхбатыг орхиж түрүүлж байжээ. Цэдэвийн Содномдорж, Батнасангийн Гончигдамба нарын мундаг бөхчүүд их шөвөгт шалгарсан байх юм.

Харин 2015 онд манлай арслан Пүрэвийн Бүрэнтөгсийн ээлж иржээ. Тэрбээр Говь-Алтайн бяртай начин Лувсандоржийн Цэрэнтогтохыг орхиж анх удаагаа манлайлсан. Хөвсгөлийн Хөхчирэнгэр начин улсын аварга Намсрайжавын Батсууриар тав давж их шөвөгт үлдэж байжээ.

Улсын арслан Р.Пүрэвдагва Дундговийн Эрдэнэбатын Даш начинд сууж өмсөх мэхийг даалгаж 2016 оны түрүү бөхөөр тодорч байсныг бөх сонирхогчид тодхон санаж байгаа болов уу.

Өнгөрсөн жилийн Бахархлын өдрийн барилдаанд өндөр гарьд Н.Ганбаатар чимээгүйхэн байж байгаад ирээд түрүүлчихсэн. 2016 оны үзүүр бөх Э.Даш шийр зааж амжилтаа бататгасан.

Бахархлын өдрийн барилдаануудыг эргээд харахад ийм байна.

Харин өнөөдөр хэн гээч ямар хүчтэн бахархлын өдрийн барилдааны түүхэнд шинэ хуудас нээж түрүүлэх бол?

Улсын шинэхэн аварга Намсрайжавын Батсуурь баяр наадмаас хойш анх удаагаа анх удаагаа зодоглохоор бүртгүүлжээ. Аравдугаар сараас “Увс нуур” дэвжээнийхэнтэйгээ бэлтгэлээ базааж буй залуу аварга үзүүрлэх гэж “Буянт-Ухаа” ордонг зорихгүй мэдээж. Увс нутгийн бахархал залуухан аварга Монгол бахархлын өдрийн барилдаанд өнгөлж баруун хязгаарын зон олныг баярлуулж мэднэ шүү.

“Увс нуур” дэвжээнээс өөр нэг идэрхэн хүчтэн түрүүлэхээр зодоглох нь Пүрэвийн Бүрэнтөгс. Намрын улирлын барилдааны түрүүлсэн тэрбээр бэлтгэл тун ч сайн байгаа харагдсан. Доогуур даваанд гэнэдээд бүдэрчихгүй дээшээ гарвал том цолтнуудаа бүгдийг нь аргалаад сурчихсан хүчтэн.

Цэдэвийн Содномдорж арслан намрын улирлын нээлтийн барилдаанд бэлтгэл жаахан дутуу зодоглосон уу яасан Архангайн Бадарчид мушгиж тонгоруулаад чангахан газардаж байгаа харагдсан. Туршлагатай арслан алдаа оноогоо дүгнэсэн нь мэдээж. Хоймор нутгийн арслангаас дэмжигчид нь зөвхөн түрүү л хүлээж байгаа. Бэртэл, гэмтэлгүй бол Содном арслан өндөр даваанд гараад л ирнэ дээ. Амаа зөв авч, эгзэгтэй барилдаанд тойлгойгоо зөв ажиллуулж хариулт мэх хийдэг нь түүний хамгийн том онцлог. Тэр л давуу талаараа төрийн наадмын түрүү бөхөөр тодорсон.

Хоёр наадам дараалж тааруу барилдсан Энхтөгсийн Оюунболд арслан өнөө жил тун аятайхан харагдсан шүү. Бөх билэгтийн ойн барилдаанд торолгүй түрүүлсэн түүнээс улсын харцага байх үеийнх нь дайчин барилдаанууд харагдаж байна лээ. Өмнөдэлгэрийн “залуу мазаалай”-г барьц сонгож л аргалахгүй бол баргийн хүчтэн барж идэхгүй байх. Н.Батсуурь аварга, Бүрэнтөгс арслан гээд бөхчүүдтэй хэрхэн барилдах нь олон хүний анхаарлын төвд байна.

Аатай, шартай арслан Ренчинбямбын Пүрэвдагвыг тооцооноос хасч болохгүй ээ. Шүдээ зуугаад сугадаад мушгивал хэнийг ч аваад л зална. Хэтэрхий шатаж барилддаг нь барилдаанд сөргөөр нөлөөлөх гээд байдаг талтай. Амаа зөв аваад ааг омгоо зөвөөр ашиглаад барилдвал хоёр дахь удаагаа түрүүлэх боломж түүнд бий. Булганы Дамдинсүрэнийг Пүрэвдоржоос л зөрөөсэй. Тэгсэн цагт учир бий дээ арслан минь.

Өөр нэг ховрын хүчтэн энэ өдөр “Бунт-Ухаа”-д зодоглох нь улсын гарьд Батнасангийн Гончигдамба. Зун “Монгол туургатны наадмд түрүүлснээс хойш том барилдаануудад барилдаж харагдаагүй дээ. Алтан Овооны наадамд очиж барилдаад сумын заан Энхтөрийн Мөнх-Эрдэнэд тахим буулгасан сураг дуулдсан. Бэлтгэл нь хэр зэрг байгаа юм бол доо. Уул нь ч өндөр даваанд гараад л ирдэг гарьд. Ямартай ч бөхөд хайртай зон олон Гончиг гарьдынхаа барилдааныг үгүйлсэн нь дамжиггүй.

Эдэнтэй түрүү байрын төлөө эрсэлдэх идэрхэн харцагууд олон бий. Баярхүүгийн Бат-Өлзий сар шинийн барилдаанд аварга арслангуудыг нураагаад түрүүлж л байсан. Энэ удаа яах юм байгаая .

Оргихын Хангай гэж ид ирэн дээрээ яваа залуу том бодож очих биз. Хий гишгэчихгүй л бол их шөвөгт баараггүй үлдэнэ дээ. Шуудагдаад татвал хэнийг цээжиндээ гаргаж ирээд чулуудчих тэнхээ түүнд бий. Мягмарын Бадарч, Баатарын Амарзаяа нар Арын сайхан хангайгаа дуурсгаж хүч үзнэ. Аварга арслангуудаас хэнийг ч мордоод дайрах араам Амарзаяа начинд л бий.

Аймгийн цолтнуудад ах нарыг айлгах залуус олон бий

Том барилдаанд цойлоод гараад ирэх ирлэсэн тонгорог шиг залуу арслангууд байнаа байна. Төв аймгийн Ууганбаяр гэж “Ирээдүйн аварга” шагналын эзэн өнөө жил аймагтаа цолоо хурцалсан. Энэ өдөр зодоглох бөхчүүдээс хамгийн бяртай нь гээд хэлчихвэл буруудахгүй болов уу. Дан ганц бяр байгаад амжилт олоход бэрх. Бага зэрэг толгойгоо ажиллуулаад хүч үзвэл учиртайдаа. Жижиг аварга зүгээр ч нэг залууд “Ирээдүйн аварга” шагналаа хадгалуулаагүй нь мэдээж.

Дархан аварга Өсөхбаярын дүү Батбаяр харцагын гарын шавь Батсүхийн Зоригтбаатар гэж соёолон адуу шиг залуу гараад ирвэл ч гялалзана даа. Намрын улирлын нээлтийн барилдаанд улсын сайчуулыг хаяж их шөвөгт шалгарч байсан тэрбээр өнгөрсөн зун Орхон аймгийн наадамд түрүүлж аймгийн арслсан цол хүртсэн. Бөх билэгт дэвжээний ойн барилдаанд Булганы Амарсайхан начинг дунгуйлдаж татаад шөвгөрч байгаа харагдсан. Ах нарыг ч айлгаад сурчихсан хүү.

Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл гэж сийлчихсэн юм шиг биетэй Булган нутгийн залуу арслан бий. Өнгөрсөн сар шинийн барилдаанд аварга Эрхэмбаяраар дөрөв давсан түүнийг тавын даваанд амлачих аавын хүү олдоогүй. Тухайн наадмын түрүү бөх Баярхүүгийн Бат-Өлзийтэй тунаж барилдаад тахим буулгана лээ. Бас дээгүүр даваанд л үзэх залуусын нэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *