Эрдэм номын ширээнд
Тохой золгож суусан
Ээжийн хоёр хүү шиг
Тоглож наадаж өнгөрөөсөн
Оюутан ахуй цагаа
Эргээд чи минь дурсана уу
Олон хаврын өдрүүдийг
Сэргээж нэг санана уу хэмээн дуулалдаж явсан нь саяхан мэт боловч хэдийн 33 жил өнгөрсөн байна. Сургуулиа төгсөөд ангиараа шууд л Улсын ерөнхий прокурорын газрын Коллегийн хурлаар орж, томилолт аван дөрвөн зүг найман зовхист хуваарилагдаж, оюутны ширээнээс ажил амьдралын гараанд хамтдаа хөл тавьсан үе өчигдөрхөн мэт санагдана гэж ангийн анд Ж.Мөнхжаргал яриагаа эхлүүлэв. Энэ бол 1982 онд МУИС-ийн НУФ-ийн мөрдөн байцаагчийн ангид элсэн орж, таван жил суралцсан нэг ангийн хамт олны дурсамж юм. Тус ангийн хамт олон эх орондоо ихийг бүтээгээд зогсохгүй одоо ч салбартаа манлайлан ажиллаж байгаа нь залуу үед үлгэр дуурайл болж буйг дурсамжийн эхэнд онцлох нь зүйтэй болов уу. Хамгийн сүүлд буюу энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар нэг дор тус ангийн зургаан хүүхэд төрийн шагнал хүртэж, ангийн анд Ш.Адьшаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, төр түшилцэж буй нь бэлгэшээлтэй сайхан үйл явдал болсныг хамт олон нь онцлов. Тодруулбал, прокурорын байгууллагад 30 гаруй жил ажилласан Ж.Мөнхжаргал, Ц.Сэлэнгэ, Х.Баярмаа, С.Сугар, Ш.Алтанцэцэг, Ж.Цэцэгмаа нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон Алтангадас одонгоор энгэрээ мялаалгасан байна. Нэг ангиас нэг дор ийм олон гавьяатан төрөх нь тэр бүр тохиогоод байхгүй бахархалт үйлс биз ээ.
Анх эх орны дөрвөн зүг, найман зовхисоос 27 хүүхэд элсэн орсны найм нь хөвгүүд, 19 нь охид байжээ. Тэд таван жил хамтдаа суралцаж 1987 онд 25 хүүхэд төгсөхөд шууд л томилолт өвөртлүүлээд тал тал тийш илгээчихсэн гэдэг. Тус ангийн 23 оюутан прокурорын байгууллагад томилогдсон бөгөөд энэ салбарт 30-аас дээш жил ажиллаж байгаа зургаан прокурор байна. Харин нэг хүүхэд гааль, нөгөөх нь холбооны салбар сонгосон нь Ц.Баярмаа, Б.Янжмаа нар юм. Тус ангиас хамгийн олон хүн дээд шатны прокуророор томилогдон ажилласан байдаг. Тодруулбал, Д.Бямбаа, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэлэнгэ, Б.Түвшинбаяр, Х.Мерихан, Ж.Мөнхжаргал нар тус бүр 2-8 жил аймгийн прокуророор ажиллажээ. Одоо Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокуророор Х.Баярмаа ажиллаж байна.
Тус анги хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн мундагчуудаар хичээл заалгаж байв. Эрүүгийн эрх зүйн анхны сурах бичгийг зохиогч Г.Совд, гавьяат хуульч С.Нарангэрэл, Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат, Д.Лүндээжанцан тэргүүтэй хүмүүсийг дурдаж болно. Ангийн багш “Яс Баасан” хэмээн алдаршсан хөдөлмөрийн эрхээр мэргэшсэн хуульч Л.Баасан, дараа нь “Орос Жагаа” нэрээр тэр үеийн хүн бүр мэдэх (сагсчин) Д.Жаргалсайхан нар байжээ. Тэд ангийнхаа багшид зориулж зохиосон дуугаа Ариун тэнгэрт мандсан нар
Алтан дэлхийг гийгүүлсээр байна
Ангийн багшаа тойрон суугаад
Алсын оддын учрыг асууна хэмээн одоо ч дуулдаг аж.
Хамтдаа төрийн шагнал хүртсэн нэг ангийнхан
Тухайн үеийн оюутнууд олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, хариуцлага өндөртэй байсан гэдэг. Жил бүр хавар, намрын ажилд идэвхтэй оролцдог байжээ. Тэд Булган аймгийн Баяннуур суманд комбайнчдын байр барилцсан нь одоо ч бий хэмээн Ж.Мөнхжаргал дурсав. Тэрбээр “Ер нь бид ажлаас ер хойш сууж үзээгүй. Тухайн цаг үе ч тийм байж. Бас жил бүрийн намар октбярийн баяр, хавар майн баяраар тамирчдын жагсаалд уриа лоозон барьж талбай дээр жагсана. Нэг удаа Халх голын ойд зориулж ангиараа Төв аймаг хүртэл явган аялал зохион байгуулан аймгийн прокурорын ажилтай танилцсан юм. Энэ мэтээр мартагдашгүй сайхан дурсамжууд олон. Бид ч төгссөнөөсөө хойш ихэнх нь салбартаа он удаан жил ажиллаж байнгын холбоо харилцаатай явж, нэгнийхээ зовлон, жаргалыг хуваалцаж ирсэн нь сайхан. Бас манай ангийн хамт олон улс орондоо ихийг хийж бүтээсэн, бүтээсээр ч яваа мундаг гавьяатнууд гэж боддог” хэмээсэн юм. Тус ангийн хамт олон дотно сайхан байсныг илтгэх нэг зүйл нь захидал. Тэд дадлагын ажлаар тал тал тийш хуваарилагдан очоод бие биенээ санан үгүйлж, дотно сайхан үгсээ захидалд шингээн илгээжээ. Заримаас нь сийрүүлье. Архангайд дадлага хийж байсан ангийн найзуудаас “Сайн байцгаана уу. Хайртай найз нар минь ээ. Архангайхны мэндчилгээг хүлээж авна уу. Та нарын биес сайн, дадлагын ажил амжилттай биз дээ. Тэгээд тарган тавтай намаржиж байна уу. Сонин сайхан юу байна. Бидний хэдэн хүмүүс Цэцэрлэг хэмээх уулын нэгэн хотод учран цуглаж, дадлагын ажил гээгчийг үйлдэн сууна. Есдүгээр сарын 4-нөөс эхэлсэн. “Булган” зочид буудалд байгаа. Жаргалсайхан багш өнөөдөр хот руу явна” гэжээ. Мөн Цолмонгоос “Энд ирээд танил гээч нэлээн олон болж байна. Та нар минь тэгээд хүний нутаг гүний газар амьдрал, ажил төрөл ямаршуухан шив. Бид хэд Эрдэнэзулынхаар очсон. Тариатад ажиллаж байгаа. Эхнэр нь эмнэлэгт хэвтсэн, гаргачихаад явна гэж байсан. Өнгөрсөн бүтэн сайнд Пүүжээгийнд очиж айраг ууж хоол идсэн шиг сайхан л амарлаа. Зулын хувийн тэргэнд сууж зугаалаад л. Тоогүй нь үймж шуугьж сахилгагүйтсэн хэргээр жижүүр авгайн хяналтанд нутаг заагдсан хөөрхий. Орой бүр үнэгүй кино үзэж байна. Ямар вэ, гоё уу” хэмээжээ.
Энд ангийн хүүхэд бүрийн тухай дэлгэрэнгүй дурсвал хэдэн нүүр дамнуулан бичсэн ч үл дуусна. Тиймээс ангийн хамт олны тухай товчхон сийрүүлье. Салбартаа ажилласан ангийн олон бүгд л прокурорын байгууллагын зохих бүхий л шагнал урамшууллыг хүртсэн гэж хэлж болно. Мөн Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 10 гаруй хүн шагнагджээ. Хамгийн эхэнд дурсах ёстой хүн бол ангийн дарга Б.Амарсайхан. Ангийнхандаа бараг аав шиг халамжтай, хөгжөөнтэй наргиантай, хүний мөстэй хүн байж ээ. Тэрээр Дорнод аймгийн шүүхэд хэсгийн шүүгчээр ажлын гараагаа эхэлж, олон хариуцлагатай албыг хашсан юм. Ангийн бас нэг бахархал бол УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймгийн прокурорын газарт туслах прокурор ажлын гараагаа эхлүүлж байсан бол өдгөө төр түшилцэх эрхэм үүрэг ногджээ. Х.Мерихан гэж олон жил сургуулийн урлагийн үзлэгт домбортой дуулж, тухайн үеийн оюутнуудын дунд багахан “од” гэх хэлэгдэхээр авьяастан байв. Баян-Өлгий аймгийн иргэдээс Монгол Улсын гавьяат хуульчаар шагнуулахаар тодорхойлж байсан нь түүнийг нутаг усандаа хэр нэр хүндтэй болохыг илтгэнэ.
“Ах” Баагий хэмээн хэлүүлж заншсан Д.Бат-Эрдэнэ олон жил прокурорын байгууллагад удирдах алба хашсан. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай эр аж. З.Алтанцэцэг Сэлэнгэ аймгийн прокурорын байгууллагад ажиллаж байгаад аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж цагдаагийн байгууллагад өөрийн хүсэлтээр орж байв. Хүнд албанд дэслэгчээс дэд хурандаа болтол дэвшин ажилласан найзаараа ангийн нөхөд нь бахархдаг байна. Н.Батболд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас ажлын гараагаа эхэлж, төр засгийн хариуцлагатай албуудыг хашсан. Сэлэнгэ аймгийн ардчиллын алтан хараацайнуудын нэг юм. Ш.Алтанцэцэг Увс аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагчаар ажлын гараагаа тавьж, салбартаа идэвх зүтгэл гарган ажилласан бүсгүй юм. Ангийнхан нь “Жижгээ” хэмээн дууддаг, хавар, намрын ургацын ажилд гал тогоог хариуцан амтат хоолоор таван жил нөхдөө дайлжээ. Ц.Баярмаа гаалийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа. Х.Баярмаагийн тухайд “Данан” гэх хочтой байв. Нэмж хэлэхэд, тэрбээр Баянхонгор аймагт ганцаараа дадлага хийж байхдаа ангийнхандаа бичсэн захиандаа “…оюутны байр болон хотын идэх юмыг их санах юм… Хүн хүний үзэг гуйж бичив” хэмээн гурван өөр өнгийн бал, үзгээр хольж захиа бичиж явуулж байжээ. Д.Бямбаа ангиасаа анх удаа дээд шатны прокуророор томилогдон ажиллаж байсан “булган сүүлтэй” прокурор гэж ангийнхан нь ярьж байна. Нэг удаа зуны ажил дээр ангийнхныгаа өглөө сэрээх үүрэг хүлээж гитартайгаа орж ирж дуулаад сэрээх биш дуунд бүүвэйлэгдээд сэрсэн байсан нөхдөө буцааж унтуулж орхисон гэдэг. Б.Даваадулам Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн прокурорын газарт хяналтын болон туслах прокуророор ажиллаж байсан. Ангийнхандаа Даагий хэмээн хүндлэгдсэн юм. С.Пүрэвсүрэн Архангай аймгийн Хангай сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхэлж байжээ. Хууль шүүхийн салбарт үр бүтээлтэй ажилласан. Л.Сарангэрэл сургууль төгссөнөөс хойш Дархан-Уул, Дорноговь аймаг, Хан-Уул дүүргийн прокурорын газарт ажилласан. Улмаар “Цэн констракшн”, “Монгол тамхи Со” компанид хуулийн зөвлөх хийж байв. Одоо ч хөгжилтэй, нийтэч хэвээрээ хэмээн ангийнхан нь ярив. С.Сугар одоо Сүхбаатар аймгийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокуророор ажиллаж байна. Түүнийг өндөр ээж хэмээн хочилдог, нутаг усандаа элэгтэй нэгэн юм. Ц.Сэлэнгэ, Говь-Алтай, Дундговь аймгийн прокурорын газарт олон хариуцлагатай алба хашсан. Одоо Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байна. Монгол бичиг, кириллээр сийлсэн мэт сайхан бичдэгээрээ шагшигдаж байсан аж. М.Хишигбаяр Хөвсгөл аймгийн прокурорын газарт дадлагажих ажилтнаар томилогдон ажилласан боловч сонирхолдоо хөтлөгдөн цагдаагийн байгууллага руу “урважээ”. Байгууллагын хөдөлмөрийн аваргаар 10 удаа шалгарсан гэхээр хэр чансаатай болохыг илтгэнэ. Цагдаагийн хошууч цолтой энэ бүсгүй шатар, 100 буудалт даамны спортын мастер цолтой. 1990,1991,1992, 2005 оны Монгол Улсын 100 буудалт даамны улсын аварга гэх зэргээр түүний шагналын буухиа тасрахгүй. Ж.Цэцэгмаа Өвөрхангай, Налайх дүүргийн прокурорын газруудад хяналт, туслах, орлогч прокуророор ажиллаж эхэлсэн. Тэрбээр одоо ч Налайх дүүргийн прокурорын газартаа ажиллаж байна. Б.Янжмаа сургууль төгссөнөөс хойш Багануур дүүргийн прокурорын газарт дадлагажих ажилтнаар ажиллаж байгаад холбоочин мэргэжилд шилжин “Монголын цахилгаан холбоо” компанид ажиллах болжээ. Д.Алтанхуяг Монголын Нотариатчдын танхимын нотариатчаар ажиллаж байна. Дэлхийг тойрох чин хүсэлтэй, олон орноор аялсан хүн юм. Д.Цолмон Булган аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, өмгөөлөгч, Булган аймгийн шүүхэд шүүгч, Монголын Нотариатчдын танхимын Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын нотариатчаар ажилласан юм. Түүнчлэн, ангийнхан энд анх нэгдүгээр курстээ тохой нийлүүлэн сууж байгаад доод анги руу “урвасан” Р.Энхтүвшин, Энхчимэг, Г.Оюунбаяр нарыгаа тэмдэглэж, мөн бурхны оронд заларсан Х.Бадамзул, Н.Загдсүрэн, П.Түвшинбаяр нарыгаа дурсан саналаа.
Эцэст нь Ж.Мөнхжаргалын тухай товчхон дурдъя. Тэрбээр Одоо Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор бөгөөд ангийнхаа Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргын сонгуульт ажлаа одоо ч сайн дураараа үргэлжлүүлэн хийж, анги хамт олныхоо тухай дурсамжийг манай сонинд хуваалцсан юм. Ажлын гараагаа Дархан-Уул аймгийн прокурорын газраас эхэлж, энэ салбарт 33 жил тасралтгүй ажиллаж байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн зарлигаар нэг ангиас зургаан хүн төрийн шагнал хүртсэний нэг нь юм. Ж.Мөнхжаргал “Прокурорын байгууллагын 90 жилийн ойгоор нэг ангид элсэн орж төгсөн, одоо хүртэл энэ байгууллагадаа тасралтгүй ажиллаж байгаа ангийн “хүүхдүүд” зургуулаа төрийн өндөр шагналаар шагнагдана гэдэг ховор тохиох үйл явдал билээ. Та нараараа бахархан баярлаж байна. Үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нар, гэр бүлийнхэн, хамт олон, ангийн найзууддаа үргэлж залуугаараа байж ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе” гэв.
Эргээд харахад анги хамт олноороо улс орондоо ихийг хийж бүтээн, бахархалт зам мөрийг татуулсан байна гэдэг хамгийн үнэ цэнэтэй дурсамж аж. Тэртээ 30 гаруй жилийн өмнө нэг ширээнд тохой нийлүүлэн, хөгжөөнтэй хөөртэй цаг мөчүүдийг хуваалцаж явсан нөхөд өдгөө эмээ, өвөө болчихоод төрд үнэлэгдэх үнэ цэнээ бүтээснээ ярьж сууна гэдэг юутай их аз завшаан бэ.
Г.БАТЗОРИГ
Х.МӨНХБАТ