Categories
мэдээ нийгэм цаг-үе

БАЙР СУУРЬ: Англи хэлийг хэддүгээр ангиас заах нь зүйтэй вэ? DNN.mn


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байгаа юм.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Шинэ хөтөлбөрөөр 3 дугаар ангиас Англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан сүүлийн хоногт англи хэлийг хэддүгээр ангиас нь заах талаарх маргаан цахим сүлжээнд хүчтэй өрнөж байна.

Гадаад хэлний багш болон иргэдээс англи хэлийг хэддүгээр ангиас нь зааж болох талаар тэдний байр суурийг сонслоо.


“Англи хэлийг дөрөв, тавдугаар ангиас заавал болно” гэв

МУИС-ийн англи хэлний багш, Дэд профессор С.Соёлжин “Сошиалаар нэгдүгээр ангиас нь эхлээд англи хэл заахыг дэмжсэн хэсэг, дэмжээгүй хэсэг гээд нэлээн мэтгэлцээн өрнөж байх юм. Олон улсад 10 наснаас эхэлж гадаад хэл заахыг эрдэмтэд нь судалчихсан байгаа. Хэрвээ ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангиас эхэлж англи хэл заана гэвэл би шууд эсэргүүцнэ. Гуравдугаар анги ч холдож байна. Гэхдээ гуравдугаар ангиас нь сонголттойгоор оруулж болох юм. Хар багаас нь гадаад хэл заавал, дөнгөж монгол хэлээ үзэж эхэлж байгаа хүүхдүүд сурах нь юу л бол. Эхлээд монгол хэлнийхээ дүрмийг ягштал, алдаагүй зааж байж хүүхдүүд цааш нь сурна. Эрдэмтэд нь эх хэлээ сольж хутгаад байвал яаж эх хэл нь хөгжих юм. Мөн ангийн хүүхдийн тоог багасгах хэрэгтэй. Аль ч улсын нэг ангид сурч буй сурагчид 20-иос хэтэрдэггүй. Цөөн хүүхэдтэй ангид гадаад хэлийг зааж байж, хүүхдүүд сайн сурна шүү дээ. Хэл өөрөө дахин давтаж байж сурдаг” гэв.

МУБИС-ийн Англи хэл, Герман хэлний тэнхимийн эрхлэгч Б.Болормаа “Англи хэлийг даяарчлагдсан нийгэмд заах нь зөв ч нэгдүгээр ангиас эхлэх нь хэр оновчтой вэ гэдгийг олон талаас нь судалж үзэх шаардлагатай гэж бодож байна. Сэтгэц, танин мэдэхүйн онолын үүднээс хүүхэд багаасаа гадаад хэл сурахад бүрэн бэлтгэгдээгүй байдаг. Харин 10 нас хүрч байж гадаад хэл сурах нөхцөл бүрддэг гэдгийг судлаачид нотолсон байдаг. Багас ангиас гадаад хэл үзэхэд хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, эх хэлээ бүрэн эзэмшээгүй, эх оронч үзэл бүрэн суугаагүй байдаг. Мөн эх хэлний дархлаа гэдэг зүйл муудна.


Эхлээд боловсон хүчин, хичээлийн хөтөлбөр, сурах бичгээ бэлтгэх хэрэгтэй

МУБИС-ийн Англи хэлний тэнхимийн багш Г.Чулуун-Эрдэнэ “Ер нь гадаад хэлийг хэдэн наснаас нь заавал тохиромжтой вэ гэдэг маргаан хүмүүсийн дунд байдаг. Тэгэхээр хэл шинжлэлийн эрдэмтдийн судалгаа ч байдаг. Хүүхдийг эх хэлний дархлаа хөгжсөн үе буюу 10, 11 настайд нь хэл заах нь үр дүнтэй. Түүнээс өмнө гадаад хэлийг заах нь тухайн улсын төрөлх хэлтэн шиг ярих, дууддаг болдог ч нөгөөтэйгүүр сөрөг үр дүнг бий болгоно. Энэ нь хүүхдийг хэлний чадвар хөгжөөгүй үед дараа дараагийн академик чадварт нөлөөлнө гэсэн үг. Энгийн харилцааны хэлийг 2-4 жил, академик хэл сурахад түүнээс ч олон жил зарцуулна. Мэдээж хэрэг тухайн хүүхдийн хүлээн авах онцлогоос хамаараад тухайн гадаад хэлийг сурах хугацаа өөр өөр байж болно. Багаас нь заана гэдэг хүүхэд болон эцэг эхчүүдэд ч ачаалалтай болно. Эхлээд боловсон хүчин, хичээлийн хөтөлбөр, сурах бичгээ бэлтгэх хэрэгтэй. Хувийн сургуулиудад сурах бичиг, багш нар нь бэлтгэгдсэн байдаг учраас хичээл нь хоцрогдолгүй явагддаг.


ИРГЭДИЙН БАЙР СУУРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Иргэн н.Болор-Эрдэнэ: Хувийн сургуульд 1 дүгээр ангиас үзээд болж байна. Улсын сургууль ч гэсэн үзэх хэрэгтэй. Хүүхэд бүр тэгш эрхтэй.

Иргэн Т.Тогтох: Эх хэлээ сурч, үүх түүхээ судалж мэдэх хэрэгтэй. Манай боловсролын тогтолцоо заах арга зүй ямар билээ дээ. Хатуухан хэлэхэд монгол хэлээ дөнгөн даган зааж байгаа. Ямар ч чанаргүй хуучин хэвшлээрээ заавал хэддүгээр ангиас заагаад ч нэмэргүй. Сургалтын систем арга барилаа чанартай болгох тал дээр илүү анхаарах ёстой.

Иргэн н.Уранхас: Эрдэмтэд 5 дугаар ангиас нь гадаад хэл заах нь хүүхдийн хэл зүгширсэн байдаг. Өөр орны хэл заахад хүлээж авах чадамж ойлгоц нь сайжирсан байх учир сурах боломж нь бүрддэг гэж ярьсан санагдах юм. Иймээс боловсролын сайд эрдэмтэдтэйгээ сайн ярилцах л хэрэгтэй эгж бодож байна.

Иргэн: Тухайн хүүхдээс өөрөөс нь шалтгаална. Хүүхэд бүрийн хүлээж авах чадвар өөр, зааж байгаа юм чинь сурах л байх л даа.

Иргэн Г.Чимэг: Хамгийн түрүүнд монгол хэлээ маш сайн зааж өгөхгүй бол одооны хүүхдүүд хэл бичгийн дүрмийг мэддэг хүүхэд ер нь ховордсон. 3 дугаар ангиас заахыг бол дэмжмээргүй л байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *